У.Хүрэлсүх танхимаа өлгийдөж авахаар сэтгэл догдлон хүлээж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнээ 14 хоногт багтаан УИХ-аар батлуулах ёстой шинэ Ерөнхий сайд яг одоо Ерөнхийлөгчөөс ирэх хариуг хүлээж байгаа. Харин дөрөвхөн цагийн дотор У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохоос татгалзах юм алга гээд хэлчихсэн Х.Баттулгад шинэ танхимыг гацаах бага биш сонирхол байх шиг. Асуудал мэдээж У.Хүрэлсүхэд биш түүний танхимд тохоон томилогдохоор нэрлэгдсэн сайд нарт байгаа аж.
Морь унасан толгойгүй хүн шиг болсон МАН
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-д өрнөсөн эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ намыг морь унасан толгойгүй хүн шиг болгож орхижээ. “Топор” ажиллагааны эзэн У.Хүрэлсүх Засгийн газраа татаж унагах марафонд түрүүлж өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүнээр заларч байна. Ингэхдээ УИХ дахь 65-ын бүлгээ хоёр хуваасан. Засгийн газрыг огцруулж өгсөн УИХ-ын гишүүдийг одоо У.Хүрэлсүх зангидаж, өрөөндөө дуудан хуралдаж байгаа.
Гэвч тэр өөрийг нь дэмжиж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн 30 гаруй УИХ-ын гишүүнийг манлайлж, гар хөл нь болж өгсөн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Ц.Содбаатар нарын олон хүнийг танхимдаа багтаахаас зайлсхийв. Засгийн газраа татаж унагах саналыг гартаа атгачихаад хэвлэлийнхэнд бантсандаа “Би сайд болохгүй” хэмээн амласан тэднийг шинэ Ерөнхий сайд яг энэ үгэнд нь тээглүүлж орхиод тоглоомыг цааш үргэлжлүүлж байгаа юм.
У.Хүрэлсүхийн “гол гаргасан” гишүүдийн хоолой дээр бөөн гомдол зангирч байгаа. Гэхдээ тэд хараахан тэсрэх болоогүй. Наандаж, У.Хүрэлсүхийн сайд нарын асуудал УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр, цаашилбал дараагийн эрх мэдлийн хуваарилалт хийгдэх үед тэдний өнгө аяс тодорхой болох юм.
Гэхдээ У.Хүрэлсүх тэднийг удахгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг солино. УИХ-ын дэд даргын суудал бас суларна гэх мэтээр тайвшруулахаар оролдож байгаа мэдээлэл байна.
Засгийн газрыг огцруулахгүй хэмээн нэлээн чармайсан УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийг харин Ж.Эрдэнэбат удирдаж байна. Өнгөрсөн өдрүүдэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэнийг багтаах вэ гэдэг тохироог Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар тулж хийсэн байна.
МАН-ын дарга М.Энхболд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажилд оролцоогүй аж. Үндсэндээ бүх тохироо түүний хүчин зүтгэлгүйгээр урагшилсан гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболд цахим хуудастаа “Нэгнийгээ муу муухай харагдуулах гэж зохион найруулсан бусармаг үйлдэлүүд даамжирвал нэг хүнийг биш, нийт улс үндэстнийг маань хордуулах аюултай. Худал хуурмаг мэдээллийн хойноос хөөцөлдөхгүй үл тоон хаядаг минь алдаа байж болох ч бүхнийг цаг хугацаа шүүнэ” хэмээн бичсэн байв. Тэр энэ үгээрээ асуудал надаас холуур өнгөрч байгаа гэдгийг ойлгуулахыг хүссэн бололтой.
Өнөөдөр даваа гариг. Энэ өдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэх асуудлуудаа багцлаад хуралдаж байх учиртай. Гэвч бүлгүүд хуралдсангүй. Шинэ танхимаа ирэх пүрэв гаригт амжиж УИХ-аар батлах ёстой МАН-ын бүлгээс хурлын мэдээ ч дуулдсангүй. Ордонд МАН-ын цөөн тооны гишүүд үзэгдэж байна. Тэд нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөс ирүүлэх байр суурийг хүлээгээд, хоёрдугаарт энэ бол одоо бидний биш У.Хүрэлсүхийн өөрийнх нь санаа тавих асуудал гэж үзээд арагшаа сууцгаасан байна.
Засгийн газрын хувь заяаны асуудал дээр хамгийн их шаналж байгаа хүн нь У.Хүрэлсүх. МАН-ын УИХ дахь гишүүдийн дийлэнх нь “Одоо юу ч болсон хамаагүй. Ерөнхийлөгч танхимынх нь гишүүдийг таалахгүй байсан ч хамаагүй. Үүнээс болоод шинэ Засгийн газар хугацаандаа бүрдэж чадахгүй байсан ч хамаагүй” гэсэн байр суурьтай болжээ. Ийнхүү эзгүйрч, толгойгүй, удирдлагагүй болсон МАН-ыг УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа эзэнтэй юм шиг харагдуулахыг хичээж, үе үе “Манай нам дотроо хуваагдаагүй, бид эвээ олчихно” хэмээн бөмбөгнөх нь хөөрхий.
Энэ бүхэн нэгдсэн удирдлаггүй болсон МАН-ын УИХ дахь хоёр хуваагдсан бүлгийн гишүүдийн ашиг сонирхол дахин өөрчлөгдөж, тун удахгүй ахин хуваарилалтад орж магадгүйг харуулах аж. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсан сайд нар УИХ дахь түүнийг дэмжигчдийн бүлэг рүү, гомдож үлдсэн “Би сайд болохгүй”-чүүдийн арми У.Хүрэлсүхийн эсрэг зогсож байгаа бүлэг рүү нүүх хандлага ажиглагдаж байна.
МАН ямар ч удирдлагагүй, эзэнгүй, яг л морь унасан толгойгүй хүн шиг найгаж байх өдрүүдэд Х.Баттулга харин яагаад У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрсийг тас дараад сууна вэ?. Энэ асуулт нэлээд сонирхол татаж байгаа. Улс төрийн хүрээнийнхэн У.Хүрэлсүхийн танхимд Х.Баттулгад “таалагдахгүй” сайд орж ирсэн нь асуудалд хариу өгөхгүй удах шалтгаан болж байна хэмээн үзэж байна.
Энэхүү гацааг үүсгэж байгаа хүн бол Сангийн сайдаар нэр дэвшиж байгаа Ч.Хүрэлбаатар. Х.Баттулгад үргэлж төмөр замын булхайг сануулж, төмөр замын төслийн хөрөнгийг нэхэж байдаг энэ хүнийг Ерөнхийлөгч чагтлахаар бэлтгэж байгаа мэдээ ч байна. Ийм гацаа дэгээг харин 32-ийн бүлгийг ахалж байгаа Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр мэдсээр байж хийчихсэн гэх. Гацаа тойрсон энэ мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдгийг ирж яваа хэдхэн хоног харуулах биз ээ.
1 comment
Yum xiij chadax ni deeshildeg. Xiij chadna gej itgel xvleelgesen. Bvgd l turd xeregtei xvmvvs. Yuu xiixiig ni xvleex vldlee