[starbox]
Нобелийн эдийн засгийн шагналд та хэрхэн ханддаг вэ. Өнгөрсөн жилүүдэд та лав Нобелийн эдийн засгийн шагналын талаар ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй гэж хариулах байсан биз. Харин энэ удаад тэгж хэлэхээргүй боллоо. Яагаад гэвэл энэ жил тус шагналыг зан байдлын эдийн засгийн мэргэжилтэн Ричард Талер хүртсэн юм.
Ричард Талер “Nudge. Сонголтын архитектур” хэмээх номондоо санамсаргүй хэлсэн үг, битүү дохио бидний үйлдлийг хэрхэн өөрчилдгийг тайлбарласан аж.
Нобелийн хороонд шинжлэх ухааны энэ салбар ихэд таалагдсан бололтой. Учир нь 2002 онд ч зан байдлын эдийн засагч Даниэль Канеман Нобелийн эдийн засгийн шагнал хүртэж байсан юм.
Тэр цагаас хойш nudge theory буюу залруулгын онол харилцан адилгүй салбарын асуудлыг шийдвэрлэхэд ашиглагдаж байна. Та ч бас өөрийн мэдэлгүй иймэрхүү залруулгатай учирч байсан гэдэгт итгэлтэй байна.
Суултуур доторх ялаа
Залруулгын онолыг хэрэглэсэн хамгийн алдартай жишээ гэвэл эрчүүдийн бие засах газрын ариун цэврийн асуудлыг энгийн хэрнээ тун овжин аргаах шийдвэрлэсэн явдал орно.
1999 од Амстердамын Схипхол нисэх онгоцны буудалд хэрэгжүүлж эхэлсэн энэ санаа нь энгийн хэрнээ маш зөв сэтгэжээ. Эрчүүдийн хөнгөнөөр бие засдаг тосгуурт жинхэнэ ялаатай тун төстэй зүйлийг сийлбэрлэжээ. Тэгтэл эрчүүд өөрийн эрхгүй тийш харж, усаа татсанаар ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд хэмнэлт гарч эхэлсэн байна.
Профессор Талер эдгээр ялгааг жишээ болгон татаж, эргэн тойрон дахь жижигхэн өөрчлөлтүүд яаж бидний хандлагыг эергээр өөрчлүүлж болдгийг үзүүлэх дуртай.
Татварын албанд хэрэгжсэн зан байдлын эдийн засаг
Дэвид Кэмерон 2010 онд Их Британийн Ерөнхий сайд болоход зан байдлын эдийн засгийн зарчмын талаар нэлээд сайн ойлголттой байжээ. Тиймээс “Залруулгын тусгай баг”-ийг байгуулах тушаал гаргасан байна.
Энэхүү багийн гол үүрэг даалгаварт Британийн иргэдийн нийгмийн зан байдлыг янз бүрийн аргаар сайжруулах явдал байв. Үүний хамгийн тод жишээ нь зам ашигласны татвараа төлөөгүй өртэй нөхдөд илгээдэг захидал байлаа.
Захидлын эхлэл хэсэгт том шрифтээр ингэж бичдэг байлаа. “Татвараа төлнө үү. Эсвэл та Ford Fiesta (эзэмшдэг машиных нь нэр)-ээсээ салах болно” гэж бичдэг байжээ. Ингээд доор нь татвар төлөөгүй машиных нь гэрэл зургийг хавсаргаж явуулдаг байв.
Харин татвараа төлөөгүй чинээлэг хүмүүст илүү эелдэг байдлаар захидал бичнэ. Тухайлбал, тэдэнд илгээсэн захидалдаа татвар хэлбэрээр авсан мөнгө тань олон нийтийн үйлчилгээг хэрхэн сайжруулж, амьдардаг дүүргийг нь засч тохижуулдаг тухай ойлгомжтой тайлбарлаж, мөнгөгүй бол яах тухай бичдэг байжээ.
Үр дүн нь хэрхсэн гээч? Татвар өр төлбөр 210 сая фунт улсын санд шууд орж иржээ.
Хүүхдийн царай
Лондоны Вулич дүүрэг нийгмийн эсрэг үйлдлээрээ үргэлж асуудал дагуулсаар ирсэн газар. 2011 онд ч тус дүүрэг тайван байсангүй. Энд ээлжит эмх замбараагүй байдал дэгдэж, олон дэлгүүрийг тонож, эвджээ.
Хойтон жил нь “Ogilvy & Mather” хэмээх зар сурталчилгааны агентлаг зан байдлын эдийн засгийг хэрэглэж, шинэ стратеги санал болгосон байна. Тэд хамгийн хатуу зүрх ч бяцхан хүүхдийн царайг хараад зөөлөрдөг болохыг мэдээд нэгэн шөнө граффитийн мастеруудын тусламжтайгаар дэлгүүрүүдийн цонхны металл самбар дээр хүүхдийн царай зуржээ. Үүний үр дүнд Вуличид үймээн, эмх замбараагүй байдал дэгдэх нь 18 хувиар буурсан байна.
Утсаар толгой эргүүлэх нь
Хэрвээ та утсаар ямар нэгэн зүйл худалдах, худалдан авахыг оролдож байсан бол “Тан шиг хүмүүс үүнийг яг авна даа”, эсвэл “Энэ саналыг зөвхөн өнөөдөр л тавьж байна” зэрэг үгс сонсож байсан нь лавтай.
Эхний тохиолдолд тэд таны “бусдаар дор орохгүй” гэсэн хүсэл дээр дөрөөлж ажиллаж байна. Үнэхээр ч бид бусад хүн үүнийг хийж байгаа тодорхой шалтгаантай хэмээн боддог шүү дээ.
Хоёр дахь тохиолдолд таны хоцорчих вий, хожигдчих вий гэсэн айдсаар тоглож байна. Танд өөрийн эрхгүй л сайхан боломжоо алдаад байгаа юм шиг санагдаж байгаа биз. Харин гуравдугаарт, тэд бидэнд ер бусын баяртайгаар ярьдаг болохоор эерэг мэдрэмж халдаж, санал тавьснаа зөвшөөрснөөрөө таашаалыг мэдэрдэг.
Томоохон компаниуд энэ санааг аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлжээ.
Намайг хасчихаарай
Өмнө нь нас барсныхаа дараа эрхтний донор болохыг хүсдэг хүмүүс энэхүү боломжинд бүртгүүлэх хүсэлт тавьдаг байв. Харин зан байдлын эдийн засгийн онолоос үүдэж, бүгд эсрэгээрээ ханддаг болжээ. Өөрөөр хэлбэл донор болохыг хүсэхээ больсон гэсэн үг. Энэхүү санаачилгын үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна.
Бидэнд тодорхой хүмүүсийн хариуцлагын мэдрэмж сэргэхийг хүлээхийн оронд бүгдэд зөв алхам хийхэд туслдаг систем хэрэгтэй гэдгийг ухамсарлажээ. Яг ийм зүйл тэтгэврийн хуримтлалд ч бий болдог. Өтөл наснаасаа өмнө хуримтлал үүсэх хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ яг одооноос хуримтлуулж эхлэхийн тулд асар их хүч, сэтгэлийн тэнхээ хэрэг болно.
АНУ-д бүх ажилтан автоматаар тэтгэврийн схемд ордог аргыг анх хэрэглэж үзжээ. Анхандаа үүнд төлдөг мөнгө тийм ч их биш байв. Хүмүүсийг хуримтлал үүсгэхээс татгалзуулахгүйн тулд эхнээсээ ингэж хийжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тэтгэврийн санд төлөх мөнгө нэмэгдэж эхэлсэн байна.
Дээр дурдсан бүхнээс харахад улстөрчид, бизнесмэнүүд бидний толгойг эргүүлж дөнгөдөг байх нь ээ гэж сэжиглэхэд хүргэнэ. Ийнхүү профессор Талерын ачаар тэд танаар яаж тоглодог болохыг тодорхой хэмжээгээр мэдэж авлаа.
Ричард Талерын тухай…
Америкийн иргэн Ричард Талер зан байдлын эдийн засгийн судалснаараа энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг хүртжээ. Шведийн хааны академийн мэдэгдэлд дурдсанаар “Талер эдийн засгийг сэтгэл судлалтай холбосон” ажлаараа тус шагналыг авсан гэнэ. Эдийн засагчид уламжлалын дагуу хүмүүс болон байгууллагыг зүй зохистой ажиллуулах үүднээс ажилладаг. Харин Талер хүмүүсийн зан байдлын тухай илүү бодитоор судалж ажилладаг аж. Тэрбээр “хязгаарлагдмал зүй зохистой байдал, нийгмийн эрхэм зүйл, өөрийгөө хянах хяналт”-ын үр дагаврыг судалжээ.
“Хүний эдгээр зан чанар шийдвэр гаргахад, түүнчлэн зах зээлийн үр дүнд системтэйгээр нөлөөлдөг болохыг харуулсан” хэмээн Нобелийн хорооноос тайлбарласан байна.
Талер 72 настай, АНУ-д аж төрдөг бөгөөд Чикагогийн их сургуульд багшилдаг. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр “Fuller & Thaler Asset Management” хэмээх хувьцаа удирдах өөрийн гэсэн фирмтэй. Тэрбээр 2015 онд “The Big Short” хэмээх кинонд тогложээ.
Эх сурвалж: ВВС