АНУ-д 100 метр тутамд хэт таргалалттай хүн тааралддаг байна. Энэ нь түргэн хоол болон кока коланы хэт их хэрэглээтэй салшгүй холбоотой гэдгийг эрдэмтэд баталжээ. Тэгвэл манай улсад таргалалт залуусын дунд мөн л ихсэж байгаа аж.
Энэ талаар НЭМГ-ийн НЭМ Албаны дарга С.Дулмаа “Эмнэлэгт хандаж байгаа иргэдийн дийлэнх нь залуус байгаа нь өвчлөл залуужиж байгаагийн илрэл. Учир нь тэдний дунд таргалалт их байна. Илүүдэл жингээс үүдэх өвчлөлүүдэд эргээд өртөхгүй байх аргагүй. Таргалалт их байна гэдэг нь давсны хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, сэтгэл санаатай салшгүй холбоотой. Ер нь хүний эрүүл мэндийг 100 хувь гэж үзвэл эрүүл байх 60 хувийн нөхцөлийг хүн өөрөө бүрдүүлж байдаг. Тиймээс бага, балчир наснаасаа нь хүүхдээ эрүүл байлгаж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй” гэлээ.
Биеийн жингийн илүүдэл нь бүх өвчний суурь болдог төдийгүй 8-10 жилийн дараа биед өвчлөл, хавдар, хууч үүсэх өндөр эрсдэлтэй юм байна. Дашрамд дурдахад, манай улсад иргэдийн давсны хэрэглээ дэлхий дунджаас 2.3 дахин их болох нь тогтоогджээ.