1945 оны наймдугаар сарын 10-ны 01.40 цагт БНМАУ Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг ариун дайн зарласнаа мэдэгдэж, энэ тухай маршал Х.Чойбалсан Монголын ард түмэнд радиогоор дуулгасан байдаг. Харин манай цэргүүд наймдугаар сарын сарын 9-нд улсын хил давсан тул зарим түүхч “БНМАУ дайн зарлалгүй цэргээ хөдөлгөсөн” хэмээн бичдэг билээ. Зарлаагүй дайнд мордож, онцгой гавьяа байгуулсан ч нэр нь тодроогүй үлдсэн баатруудын нэгний тухай олж мэдсэнээ хуваалцаж байна. Энэ бол нисээд ирсэн гранатыг нүцгэн гараараа шүүрч, буцаан шидсэн Д.Сэдбазар.
Наймдугаар сарын сарын 9-нд Замын-Үүдээс Чуулалт хаалганы зүг хөдөлсөн Монгол цэргийн гол хүч нь хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мотомеханикжсан VII хуягт бригад билээ. Юуны төлөө, хаашаа зорьж явааг нь цэргүүдэд тодорхой хэлээгүй ч цагийн байдал ороо бусгаа үед ийн хилийн зүг хөдөлсөн нь буун дуу сонсож, дарийн утаа үнэрлэх өдөр ирснийг бэлээхэн илтгэж байв.
Улсын хилд тулж ирээд даргын уншиж өгсөн тушаалаас чөлөөлөх дайн зарласныг мэдсэн VII хуягт бригадынхны дотор, дэд хурандаа Сосорын батальон, дэслэгч Дамдинжавын рот, ахлагч Т.Дүүдэйгийн салаанд бидний “шинэ танил” Д.Сэдбазар бий. Төрөлхийн шалмаг, сэргэлэн тэрбээр 1942 онд ардын цэрэгт татагдаж, Архангайн цэргийн ангид бага даргын зургаан сарын курс төгсөөд, тэндээ тасгийн даргаар ажиллаж байж.
Хязгаарын цэрэгт шилжин ирээд хуягт бригаддаа номын багш, фронтын эвлэлийн үүрийн дарга, Т.Дүүдэйгийн салааны нэгдүгээр тасгийн даргаар томилогдсон билээ. Түүний удирдлага дор байлдагч Д.Дашдондог, Н.Жамба, Л.Аюуш (Улсын баатар), Сахъяа, Хусаян, С.Дампил (Улсын баатар), Д.Данзанваанчиг (Улсын баатар), Дагва, Дэлгэр, Санжжав, Дашцэрэн, Наваанлувсан, Санжаа нарын эх орноо хамгаалах эр цэргийн чин халуун сэтгэл, зориг, золбоо дүүрэн эрс байлдсан юм.
Чөлөөлөх дайн хийх тушаалтайгаар Монголын хилийг давсан тэр шөнө хурандаа Д.Нянтайсүрэн, дэслэгч Бадарчийн хуягт салаатай хамт Цагаан овоо сүмийг байлдан тагнахаар явж, дайсны галын цэгийг мэдээд, эргэн ирж, түргэн жагсаалын дохио өгөв. Ингээд ангиараа хөдөлж, сүмийг алсуур бүслээд, гэгээ ороход гал нээх тушаалтайгаар өглөөг хүлээлээ. Тэнд харьцангуй бага эсэргүүцэлтэй тулгарч, ямар нэг хохиролгүйгээр сүмийг эзлэв.
Япон цэргүүдийн зарим нь үг дуугүй баригдаж, зарим нь буугаа чирэн ум хумгүй зугтахад мотоциклын анги тэднийг мөшгин хөөж, олзолно. Монгол ардын хувьсгалт цэргүүд Жанчхүүгийн даваанд хүрэх 600 шахам км замыг туулахдаа иймэрхүү том, бага хэд хэдэн тулаанд орж, Цагаан овоо, Баруун Сөнөд вангийн хүрээ, Хоолтын сүм, Хаалган, Завсар хотыг эзлэн, дайснаас чөлөөлсөн бөгөөд тэр дунд Д.Сэдбазарын тасаг үүргээ гялалзтал гүйцэтгэж явлаа.
Манайхан давшилтаа цааш үргэлжлүүлж, наймдугаар сарын 18-нд Жан Бэй хотыг эзлэх ширүүн тулалдаанд ээлжит ялалтаа байгуулан Өвөрмонголын дэслэгч генерал, буурал Дамдинсүрэнг 300 гаруй цэрэгтэй нь буулгаж авсан байдаг. Тэдний цэргийн зарим нь Жанчхүү, зарим нь Инша уулыг чиглэн зугтсан ч гол хүч нь олзлогдсон юм. Тэр шөнө манай цэргүүд Жан Бэй хотыг тойрон бүсэлж, хориглож хонох болжээ.
Энэ бол хүн төрөлхтөнийг айдас, хүйдэст автуулсан Дэлхийн II дайныг төгсгөж, сүүлчийн галыг нь унтраах цуст тулааны өмнөх түр амсхийлт байсан юм. Тэд хойд зүгээс Чуулалт хаалга орох замыг хаасан Японы гол түшиц газар, цэргийн үлэмж хүчээ төвлөрүүлэн, бэхэлсэн Жанчхүүгийн даваанд тулж ирээд буй нь энэ. Жанчхүүгийн даваа нь Манжуур, хойт Хятад дахь Японы цэрэг, зэвсгийн бааз, бэхлэлт бүхий стратегийн хориглолтын газар бөгөөд япончууд 1935-1940 оны хооронд олон мянган хятад, монгол иргэнийг дайчлан 35 км урт, 10 м гүн саадыг давааны ард ухуулж, бэхлэлтийн бүсдээ хоорондоо шуудуугаар холбогдсон олон тооны галын цэг, хянах болон командын байр байгуулсан, мөн бэхлэлтийн хойгуур 4-5 метр гүнзгий шуудуу ухаж, өргөстэй тор хэд давхарлан татсан байсан гэдэг.
Урт холын зам, олон хоногийн тулалдаанд агсагдаж ядарсан цэргүүд “Буун дуу сонсогдохгүй байгаа дээр хэсэгхэн ч болов дугхийгээд авъя” хэмээн ярилцаж байтал салаан дарга Т.Дүүдэй тасгийн дарга Д.Сэдбазарыг дуудаж “Жанчхүүгийн даваанд байгаа дайсны хүчийг манай салаа байлдан тагнах үүрэгтэй. Танай тасаг толгойн сэргийлэхээр яв” хэмээн тушаав.
Ийм чухал цагт, тийм чухал тушаалыг ямар цэрэгт өгөх вэ гээд бодохоор нэгдүгээр тасгийнхан тоос дарсан бор царайтай ч хаш цагаан шүдээ яралзуулан инээдэг, золбоолог, эрэлхэг залуус байсан болов уу гэсэн төсөөлөл сэтгэлд ургаж байна. Зарим нэгний жаахан хүч оруулж, давсалснаар бол “давагдашгүй цайз” гэгдэж байсан их бэхлэлтийг давж, Жанчхүүгийн давааг эзлэх том тулалдааныг эдгээр эрс түүчээлсэн юм.
Тэнгэр тэр чигтээ дээрээс унаад ирэх нь үү гэмээр зузаан хар үүл зах хаяа, завсар зааг ч харагдахгүй нэвсийж, уйланхай намрын усан бороо мөддөө арилах янзгүй зүсрэн шаагисан тэр үүрээр дайсны хүчийг байлдан тагнах тушаал авч, толгойн сэргийлэхээр томилогдсон Д.Сэдбазар даргатай нэгдүгээр тасгийнхан хоёр хөнгөн хуягт авч, бүхээгтэй ногоон машиныхаа тэвшинд мөр мөрөө түшин суугаад япон цэргүүдийн байрлаж буй газар руу дөхөв. Бэхлэлтийг зад цохихоор монгол цэргүүд ирснийг дайсан мэдэж буй тул нэн сонор сэрэмжтэйн дээр цэрэг, зэвсэг сайтай аж.
Зогсоо чөлөөгүй галлах япончуудын суманд жолооч Хатягаан шархдаж, нэг хөнгөн хуягт нь гэмтэв. Жолооч шархадсан тул цааш машинаар явах боломжгүй болж, цэргүүд явганаар давшлаа. Усархаг, ширүүн бороо хувингаар цутгах мэт асгарна. Жанчхүүгийн давааны зөөлөн бор хөрс борооны усанд дэвтэж, тэр чигтээ шавар, шавхай болжээ. Доороос чангаах шавар, дээрээс асгах усан бороо, дайсны зогсоо зайгүй илгээх сум гээд амьд мэнд, аюул осолгүй алхам газар урагшлах ч хүнд аж. Гүйх газраа гүйж, мөлхөх газраа мөлхсөөр дайсны хориглолтод нэлээд дөхөх үед үүр тэмдгэрч, урдханд нь урт хар эрэг бараантан тодров. Аадар бороо, дайсны гал аль
аль нь улам ширүүсэж, цааш явахад нэн бэрх болсон тул Д.Сэдбазар эрэмгий, авхаалжтайгаараа ялгарч харагддаг Л.Аюуш, Д.Дашдондог нарт “Тэр хар эргийг эзэлж, тасгийг цааш явахад саадгүй болгон, дайсны галын гол цэгүүд рүү гал нээж бай” гэсэн тушаал өгч явууллаа.
Тэднийг зорьсон газартаа эсэн мэнд хүрч, байрлалаа эзэлтэл нь ард үлдсэн тасгийнхан нь дайсны гол цэгүүд рүү шөргөн гал нээж, галыг өөрсөд дээрээ дуудав. Л.Аюуш, Д.Дашдондог нар хар эрэгт хүрсэн бололтой, галлаж эхлэхэд дайсны анхаарал ч тийшээ шилжлээ. Энэ сиймхийгээр тасаг давшсаар хар эрэгт дөхөж очтол дайсан гүүрийг тэсрэх бөмбөг (мина)-өөр дэлбэлэв. Гүүрийг дэлбэлсэн дайсны цэргийг устгах тушаал авсан онц буудагч Дэлгэр ёсоор болгож, илтгэлээ.
Ийнхүү таарсан саадыг устгасаар Д.Сэдбазар даргатай толгойн сэргийлэх тасаг хар эрэгт тулж иртэл нүүгэлтэж бараантаад асан урт хар зүйл эрэг биш, 4-5 метр гүн, найм орчим метр өргөн танкны саад аж. Танкны саад руу ороход ёроолд нь шагайгаар татсан ус урсаж, зарим газарт сул шаварт хөл шигдэн, тогтсон ус гутлын түрийгээр давж байлаа. Монгол цэргүүд өөрсдөд нь ойртож ирснийг дайсан нэгэнт мэдсэн тул гал улам ширүүсэж, зогсоо зайгүй гранат шидээд, толгой өндийх аргагүй болов. Бороо цутгасаар л.
Д.Сэдбазар танкны саадыг хэрхэн давах талаар салаан дарга Т.Дүүтэйгээс чиглэл авч, нуувчинд хамт байж байтал дайсны шидсэн гранат яг тэднийг чиглэн ирэв. Бөөрөнхий ногоон гранат утаа манаруулан ниссээр яг тэр хоёр дээр унах нь тодорхой боллоо. Дайсны илгээсэн үхлийн элч газарт унавал Т.Дүүдэй, Д.Сэдбазар хоёроос гадна тэдний ойр хавьд байрлалаа эзлэн дайсантай тулалдаж буй цэргүүд тэсрэх бөмбөгийн бай болон, амиа алдаж, шархадна.
Нүдээ ч цавчиж амжаагүй байхад толгой дээр нь хүрээд ирсэн ширмэн бөмбөгийг хараад энэ бүхнийг бодож, эргэцүүлэх сөхөө байсан, эсэхийг бүү мэд. Ямартай ч “Ингээд өнгөрчээ. Гэвч зүв зүгээр зогсож байгаад үхэх гэж үү” гэсэн бодол л эгшин зуур зурсхийсэн болов уу. Д.Сэдбазар ухасхийн үсэрч, гранатыг шүүрэнгүүтээ ирсэн зүг рүү нь шидэж орхив. Ердөө ганц, хоёрхон хормын өмнө монгол цэргүүдийг чиглэн нисэж байсан гранат дайсны хориглолт дунд унаж, тэсэрлээ.
Өөрсдийнх нь шидсэн гранат буцаад ирэхийг харсан япон цэргүүд юу болоод өнгөрснийг ч сэхээрч амжилгүй балмагдаж, нүдэндээ ч итгэхгүй бужигнаж байхад нүдээр үзээгүй нэгэн сонсоод итгэхэд бэрх үйл явдлын гэрч болсон салаан дарга Т.Дүүдэй “Бид энд хамт үхэх байлаа. Чи амийг минь аварлаа” хэмээн Д.Сэдбазарыг тэвэрч, баярласандаа нүүр нүдгүй үнсэж байсан гэдэг.
Ингэж салаан даргаасаа танкны саад давах тушаалтай хамт тэврэлт, үнсэлт авсан Д.Сэдбазар тасгийнхан дээрээ мөлхөн очиж, Д.Дашдондог, Л.Аюуш нарыг дор нь үлдээж “Дайсны галын гол цэг рүү буудаж, биднийг галаараа хамгаал. Биднийг дайсан руу гранат шидэн ура хашгирч ороход хамт давшин ор” хэмээгээд, бусад цэрэгтээ тус бүр хоёр ширхэг гранат цэнэглэж бэлдээд саадан дээгүүр шидэн, ура хашхирч дайрахыг тушаав.
Тушаал ёсоор болоход нуувчнаас гарч давшилтад орсон цэргүүд рүү дайсан улам ширүүн галлаж, усан бороо, суман мөндөр холилдон шаагиж байлаа. Манайхан ч явуут дундаа харагдсан бүгдийг буудан, урагшилсаар байв. Бороо улам ширүүсэж, сум ч бараг дууслаа. Бэхлэлтээ хамгаалахын тулд улайран тэмцэж буй дайсны нүдэн дээр сум дуусна гээд төсөөл дөө. Тэгэвч сүүлчийн сумаа дуустал буудаж, давшаад л байхаас өөр зам цэргүүдэд үгүй. Энэ үед толгойн сэргийлэхэд яваа хэдийн араас явсан анги гүйцэн ирж, манайхан танк эсэргүүцэх буу, хүнд пулемётоор хүч нэмэгдүүлсэн нь ёстой л тэнгэрийн ивээл байв.
Бороо устай үед их гацдаг хөнгөн пулемётын гацааг С.Дампил шалмаг түргэн гаргаж, дайсны хүнд, хөнгөн пулемёт, галын цэгийг ээлж дараалан устгав. Онц буудагч Дэлгэр ч дайсны галын цэгийг устгасаар. Дайсан ухарсаар нэлээд холдож, зогсоо зайгүй шунгинах сум, дэлбэрэх гранатын чимээ жаахан саарахад Д.Сэдбазар сая сэхээ авч цэргүүдээ бүртгэвэл Л.Аюуш, Д.Дашдондог нар байсангүй.
Салаан дарга Т.Дүүдэйд “Хоёр цэрэг алга. Хаана байгаа, үхсэн болон шархдсан нь мэдэгдэхгүй байна” гэсэн мэдээ хүргүүлэхээр тасгийнхаа хамгийн ахмад, хашир нь болохын хувьд дайсны ширүүн гал дундуур мөлхөн очиж чадна гэж үзээд Дэлгэрийг явуулав. Тэр замынхаа талд ч хүрэлгүй хоёр удаа шархадсан тул цаанаас нь салаан даргын холбоочин ирж, мэдээг авлаа. Т.Дүүдэйгээс “Тэд манай үүгээр байхгүй.
Наагуураа эрж ол” гэсэн тушаал ирсэн тул хоёр цэргээ амьд, үхсэн алин боловч олж авах үүрэг Д.Сэдбазарт ногдов. Тэдний тасгийн хориглосон шугамнаас урагш 500 метр хэртэй газарт дайсны хэдэн хэсэг нуувч онгойн харлаж харагдана. Зоригт эрс маань тасгаасаа түрүүлж урагшлаад тэнд оччихсон байх гэх найдлага төрж, Наваанлувсанг “Шалгаад ир” хэмээн явуулав. Тэр “Тэнд нэг цэрэг байна.
Намайг хараад цаашаа ухарч байгаагаас үзвэл манай цэрэг биш бололтой” гэсээр ирлээ. Амьд хэл олзолж, дайсны байр байдлыг мэдвэл тулааны цаашдын төлөвлөгөөг гаргахад их тус болох тул гол хүчнээсээ тасарч үлдээд, хөдөлж чадахгүй хэвтээ самуурайг олзолж авчрахыг С.Дампилд тушаав. Тэр тасгийн цэргүүдээс хамгийн чадалтай, том биетэй нь билээ. С.Дампил амьд хэл авчирч, салаан дарга Т.Дүүдэйд тушаагаад, түүнээс урагш давших тушаал авав.
Энэ бол тулалдааны хамгийн ширүүн, амь өрссөн үе байлаа. Мөр зэрэгцэж явсан нөхдөөс байлдагч Дашцэрэн, Д.Данзанваанчиг нар хоёр дахин шархдав. Дагва амь эрсэдлээ. Санжаажав мөн дайсны суманд оногдов. Гэвч манайхан давшсаар байлаа Д.Данзанваанчиг дахин шархдав. Тасгийнхнаа зангидаж, удирдан, оновчтой тушаал өгч, урагш зогсолтгүй давшиж явтал Д.Сэдбазарын нуруунд дайсны сум туслаа. Ууцны яс нь хэдэн тийшээ салаад явчих шиг болж, газарт өнхөрсөн ч азаар сум бүсэнд байсан байлдааны хүрзний ишийг онож, цааш нэвтрэхийн даваан дээр тогтсон байв.
Цааш жаахан давштал яг улаан зам дээр баруун нүдээ хага буудуулсан Д.Дашдондог нуувчны хана налж гулдайн унасан байлаа. Ахиулан харвал дэргэд нь Л.Аюуш хөсөр хэвтэнэ. Тэр цээжиндээ тав буудуулж, нийт 11 сумны шарх авчээ. Нуувчинд тогтсон борооны ус цусан өнгөөр тунарна. Эрэлхэг хоёр нөхрөө ийн эрсэдсэнд цэргүүд эмгэнэн толгой гудайлгав. Энэ үед л цэргүүд хэчнээн ядарч, туйлдсанаа анзаарсан болов уу.
Харанхуй нөмөрч, орчны бараа харагдахгүй болсон тул дайснууд буудах нь намжиж, манайхан тэндээ нуувч ухан хориглолоо. Түр амсхийж байтал дайсны нэг цэрэг тэдний дэргэдүүр шахам явж өнгөрөв. Цэрэг, зэвсгийн хүчийг тагнахаар яваа туршуул аж. Түүнийг С.Дампил буудаж унагалаа. Хэсэгхэн зуурын нам гүмийг эвдсэн буун дуугаар дайсан баримжаа авч ширүүн гал нээхтэй зэрэгцээд “Орос цэргийн анги ирлээ” хэмээн нэг нь хашхирав.
Тэнгэр цэлмэж, нар мандахаас ч илүү сэтгэл гийлгэсэн мэдээнд илт сэргэж баярласан цэргүүдийнхээ хүнд тулаанд ядарч туйлдсан царайг хараад Д.Сэдбазар ч бас баярын нулимс цийлэгнүүлж зогслоо. Гэвч тэднийг чилийсэн хоёр өдөр, хоёр шөнийн маш ширүүн тулалдаан хүлээж байгааг хэн хэн нь тааварлаагүй биз ээ.
Нөгөөдөр өглөөнийх нь үүрээр дайсан бууж өгөхөө илэрхийлэн цагаан туг хатгасан машин хоёр талын хориглолт дундуур явуулсан учир манай тал галаа зогсоосон ч япон цэргүүд үе үе буун дуу гаргасаар, тэр тоолонд харилцан буудалцсаар бүтэн өдрийг авч, үдшийн бүрийтэй золгов. Иймэрхүү байдалтай хоёр хоносны дараа буюу 1945 оны наймдугаар сарын 23-нд Зөвлөлтийн дээд командлалаас Алс Дорнодын давших байлдаан ялалтаар дууссаныг зарласан мэдээ ирж, чөлөөлөх дайн эцэс болсон юм.
Квантуны армийн ийм том бэхлэлтийг богино хугацаанд бут ниргэж, Дэлхийн II дайны сүүлчийн галыг унтраахад мотомеханикжсан VII хуягт бригад гарамгай гавьяа байгуулсны нэгээхэн хэсгийн түүх энэ. Д.Сэдбазар даргатай нэгдүгээр тасгийн байлдагчдаас Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг нар Улсын баатар цолоор шагнагдсан нь энэ тасгийнхан чөлөөлөх дайнд ямар гавьяа байгуулсныг илэрхийлэх нэг үзүүлэлт.
Хамгийн хүнд, ширүүн, шийдвэрлэх тулалдаанд толгойн сэргийлэхээр явж, бусдадаа зам гарган түүчээлж, хамгийн ширүүн галыг өөрсөд дээрээ авсан болохоор Л.Аюуш, Д.Дашдондог нарын эрэлхэг дайчид амь эрсэдсэн юм. Харин амь өрссөн хүнд үед тасгаа зөв зохион байгуулж, удирдлага, тушаалаар ханган, өөрөө ч нисэж ирсэн гранатыг улаан гараараа шүүрч, аюулыг зайлуулан, олон цэргийн амь аврах зэргээр онцгой гавьяа байгуулсан салаан дарга Д.Сэдбазар харамсалтай тохиолдлоор дутуу үнэлүүлж, “дарагдаж” үлдсэн байдаг.
Улсын баатар гурвыг төрүүлсэн тасгийн дарга Цусан гавьяаны улаан тугийн одонтой тэнгэрт хальсан байхад түүнийг гранат буцаан шидэхэд тэвэрч үнсээд, уйлж байсан салаан дарга Т.Дүүдэй Улсын баатар болсон байдаг нь эрхгүй нэгийг бодогдуулах аж. Энэ үгээрээ Т.Дүүдэй баатрын гавьяаг үгүйсгэх гэсэнгүй. Харин Д.Сэдбазарын “дарагдсан” шалтгааныг сөхөх гэсэн юм.
Эх сурвалж:
1 comment
Байлдаанд гавъяа байгуулаад нас барвал баатар өгдөг. Баатарлагаар байлдаж гавъяа байгуулаад үхээгүй бол баатар өгдөггүй журам бдаг байх нь Шал тэнэг журам байна. Нэг эргүү боловсролгүй баагий зохиждээ.