Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд ургадаг навчит моднуудыг цувралаар танилцуулах болно. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя:
Бургас (нийтлэг нэр: таван дохиурт бургас, латин нэр: Salix pentandra)
Таван дохиурт бургас нь 16 метр хүртэл өндөр ургадаг, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 2-5 метрийн өндөртэй тохиолдоно. Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, захаараа шүдэрхэг, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Залуу мөчир болон дэлгэрч буй навчис нь наалдамхай, сайхан үнэртэй. Навчлахаасаа өмнө цэцэглэдэг, навч нь 4-р сарын сүүлээр хөөж эхлэн 5-р сард задарч эхэлмэгц цэцэглэдэг. Эр цэцгийн молцог 2-7 см, эм нь 1-6 см урттай байдаг.
Манай ард түмэн эртнээс бургасыг гэрийн мод хийхэд өргөн хэрэглэж ирсэн ба холтос, гөлөг, навч зэргийг ардын эмнэлэгт өргөнөөр хэрэглэнэ.1990 оны үеэс Баян- Өлгий айтагт 250 га бургасны плантац байгуулж тэндээсээ бургас бэлтгэн хэрэглэж байжээ.
Чийгсэг, гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй. Нуур, голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Далайн төвшнөөс дээш 600-2000 метрт ургадаг. Дэлхий дээр бургасны нийт 300-400 гаруй зүйл байдаг ба Антрактид Авсрали тивээс бусад газар өргөн тархсан. Манай оронд 40 гаруй зүйлийн бургас ургадаг. Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай, Булган аймагт хамгийн их хэмжээгээр, Улаанбаатар хотын ногоон бүсэд 4,3 га газрыг эзлэн ургаж байна.
Бургасыг мөчрөөр үржүүлэх арга үр дүн сайтай байдаг ба үндэслэсэн мөчрийг 1-2 жил бойжуулгын талбайд торниулаад дараа нь байнгын талбайд шилжүүлж суулгана.
Улиангар (нийтлэг нэр: улиангар , латин нэр: Тremula populus l)
Улиангар нь шулуун иштэй, 25-30 метр өндөртэй, цайвар саарал, ногоовтор холтостой, хурдан ургадаг навчит мод юм. Залуу модны холтос нь гөлгөр цайвар байдаг бол хөгшин модод нь толбо ихтэй байдаг. Дундаж нас нь 45. Навч нь дүгэриг гурвалжиндуу жигд биш шүдэрхэг. Нахиа нь үсэрхэг, үнэргүй. Молцог нь 4-15 см урт, 2 см өргөн. Саланги бэлэгт ургамал учраас эр эм улиангар гэж байдаг. Эр цэцэг нь улаавтар суурьтай мөнгөлөг, эм цэцэг нь ногоовтор өнгөтэй. Ноосорхог цагаан 1,5 мм орчим үр нь дундуураа хуваагдан задрах хайрсан зөөлөн гэрэн дотор байрласан байдаг. Нахиа нь 5-р сарын эхээр хөөж, улмаар задран найлзуурын өсөлт эхэлж, 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг.
Улиангар нь намар өнгө хувиралт маш үзэмжтэй тул ногоон байгууламжинд ганц нэгээр болон бүлгээр тарихад тохиромжтой. Улаанбаатар хотын төвийн зарим цэцэрлэг, үндэсний соёл амралтын хүрээлэнд таримал улиангар бий.
Улиангарын модлог цагаан хөнгөн, хялбархан цуурдаг. Мөн манай оронд улиангарыг шүдэнзний үйлдвэрт түүхий эдээр хэрэглэж байсан. Улиангар нь гэрэлсэг, ган, хүйтэн салхинд тэсвэртэй. Евроазид өргөнөөр тархсан.
Улиангаран ой ихэвчлэн нарсан ба шинэсэн ойн ургах орчинд тохиолдоно. Манай орны навчит ой дотор тархацаараа хусны дараа улиангаран ой ордог. Сэлэнгэ , Хэнтий, Дорнод аймгуудад улиангар ихээхэн хэмжээгээр тархан ургадаг. Үрээр үржүүлэх арга их үр дүнтэй, 3-4 настай үрээр ургуулсан суулгацыг шилжүүлэн суулгадаг, бас мөчрөөр үржүүлэх нь бий.
Улиас (нийтлэг нэр: лавр навчит улиас, латин нэр: (populus laurifolia Ldb)
Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой навчит мод. Навч нь өндгөрхүү, алгуур шовхорсон оройтой, залуу навч нь наалдамхай сайхан үнэртэй. Нахиа нь шар өнгийн наалдамхай зүйлээр бүрхэгдсэн байдаг. Эр цэцэг нь нягт олон тооны дохиураас тогтсон, үр нь үсэрхэг, 6 –р сарын сүүлээр боловсордог. Саланги бэлэгт ургамал учраас эр эм улиас гэж байдаг.
Хөрсний үржил шим шаардахгүй их шаардахгүй, элсэрхэг сайрархаг, үржил шимтэй хөрсөнд ургана. Далайн төвшнөөс дээш 1100-2000 гаруй метрийн өндөрт ургах чадвартай. Харилцан адилгүй ч ихэвчлэн богино насалдаг, харин хурдан ургаж орчноо ногооруулдаг. Яг энэ зүйлийн улиас зөвхөн Сибирийн уул нурууд, манай оронд болон хятадад ургадаг. Цэвэр улиасан ой Тэрэлжийн голын эх, Ховд голын ай сав, Түргэний голын хөндийд ургадаг.
Бургас болон бусад сөөгүүдтэй холимог байдлаар татмын ой үүсгэн ургадаг учир ус хөрс хамгаалах асар их ач холбогдолтой. Улиасыг мөн түлшинд өргөн хэрэглэх ба ардын эмнэлэгт навч мөчир модлогийг нь ашигладаг. Манай оронд хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд өргөн хэрэглэж ирсэн ба эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал (далавч) унагаж орчныг бохирдуулдаг тул хот тохижилтонд эр улиасыг мөчрөөр бэлтгэж ургуулбал зохимжтой. Улаанбаатар хотын их сургуулийн гудамж, Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөө гэх мэт газруудаар тарималжуулсан нь бий. Байгалийн ойд нөхөн сэргээлт маш муу, ихэнх тохиолдолд хөгширсөн мод тохиолдож байгаагаас зориудаар нөхөн тарих ажлыг хийх нь зүйтэй.
Тоорой (нийтлэг нэр: тоорой, элдэв навчит улиас, хээрийн тор мод, тураанга, латин нэр: Рopulas diversufola)
Тоорой модны өндөр нь 6-10 метр. Навчны хэлбэр олон янз бөгөөд 1 зүйлийн бургас, 8 зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд байрладгаараа бусад улиаснаас ялгаатай. Иш нь сааралдуу өнгөтэй, навчис нь арьсархуу, саарал, бүдэг, өнгө ижил, өсөлтийн болон бие гүйцсэн, богино найлзуур дээрх навчнууд хэлбэрээрээ эрс ялгаатай.
Тоорой 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр цэцэглэж, 6-р сарын сүүлч зарим газруудад 7-р сарын эхний арав хоногт үр боловсорно. Тоорой говь цөлийн марзлаг хотгор, элсэн хурдас, уулын ам хавцлын устай булаг шандны захын чийглэг орчинд ургана. Өмнөговь, Ховд, Говь- Алтай аймгуудад тархан ургадаг.
Манай орны 30- иад баянбүрдийн хүрээнд нийтдээ 53000 орчим тоорой бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн ховордсон учир манай орны улаан номны нэн ховор модны жагсаалтад орсон. Нутгийн иргэд гэр ахуйн хэрэгсэл хийх, малын хашаа хороо барих зэрэгт ашигладаг. Мал тооройн залуу мөчрийг иддэг. Нөхөн сэргээлт муу хийгдэж байгаа. Ямаа тооройн залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь хязгаарлагдмал болсон.
Тооройг үр мөчрийн тайрдаадас, үндэсний ичмэл нахиагаар ургуулдаг. Говь-Алтайн Баянтооройд тооройг тарималжуулах ажлыг 1990 оны эхнээс хийж ирсэн байна.
Хус (нийтлэг нэр: хавтаг навчит хус , латин нэр: Betula platyphylla.)
13-18 метр өндөр ургадаг, дунджаар 50-60 насладаг цагаан холтост энэхүү навчит мод нь манай орны навчит модны дотроос хамгийн их тархацтай нь юм. Навч нь өргөн өндгөрхүү, хөрөөн шүдлэгтэй, 4-5 хажуугийн судалтай. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй, модлог нь зөөлөн байдаг. Хусны цэцгүүд нь нэг гэрт, эр цэцгийн молцог нь хавар эрт задран унжих бөгөөд унамтгай, эм цэцгийн молцог нь босоо богино хатуу байна. Молцог нь 5 дугаар сарын эхээр цэцэглэнэ. Жимс буюу үр нь хос нимгэн далавч бүхий өчүүхэн самранцар байдаг бөгөөд 7 дугаар сарын сүүлээр боловсорч дуусна.
Хусны модлогийг фанер, гэрийн модон эдлэл, цана хийхэд хэрэглэхийн дээр модлогоос нь химийн үйлдвэрт цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис зэргийг гарган авч болно. Чийглэг хөнгөн хөрсөнд, далайн төвшнөөс дээш 600-1200 метр өндөрт мөн цаг уурын эрс тэс янз бүрийн орчинд зохицон ургах чадвартай. Энэ мод шилмүүст ойн огтолсон болон түймэрт шатсан газарт хурдан ургадаг онцлогтой.
Хусан ой Хэнтийн баруун хэсэг, Ерөө голын дунд адгаар элбэг. Сэлэнгэ аймагт хамгийн их талбайг эзлэн ургаж байна. Манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд 12 зүйл хус ургадаг. Үрээр тарьж ургуулна. Залуу зулзаган хус туяхан иштэй, мөчир цөөтэй, суурь муутай харагддаг учир хот цэцэрлэгжүүлэхэд төгөл маягаар ургуулахад тохиромжтой.