(ЭРГЭЦҮҮЛЭЛ)
Улс орон хөгжин цэцэглэж, нийгэм дэвжин дээшлэхийн хэрээр нийгмийн даатгалын хэрэгцээ өсч, ашиг тус нэмэгдэж байна. Учир нь улс хөгжих тусам нийгэмд учрах эрсдэл улам тэлдгийг дэлхийн түүх бэлхэнээ харуулах. Тэгвэл нийгмийг энэ бүгдээс ариглан хамгаалж, тэтгэн дэмжих гол хүчин зүйл бол нийгмийн даатгал юм шиг ээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрлөж байгаа ажилтан бүр, ажиллуулж буй ажил олгогч болгон төлөх үүрэгтэй. Ажил хийгээгүй нэгэн нь ч сайн дураар төлөх учиртай. Энэ үүрэг нь онцын шаардалгагүй ачаа, илүүдээ гарсан дарамт мэтээр иргэнд, ялангуяа залууст ойлгогддог ч бодит чанартаа маргаашийн өдөртөө оруулж буй хөрөнгө оруулалт, он жилүүдийн дараа эргээд ирэх хадгаламж нь байгаа юм, уг нь. Ялангуяа улс орон даяар эдийн засгийн хямралд орчихоод буй энэ өдрүүдэд иргэнд хамгийн их хэрэг болох, хамгийн чухал дэмжлэг шүү дээ!
Өргөн утгаар нь авч үзвэл сайн боловсрогдсон нийгмийн хамгааллын систем нь ажилтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх үе шат, хөдөлмөрлөх дур сонирхлыг нэмэгдүүлэгч НУУЦ ХӨШҮҮРЭГ юм. Харин энэ бүх хүчин зүйлс нэгэн цэгт уулзахын цагт нийтийн сэтгэл зүйг тогтворжуулж, нийгмийн хөгжлийг түргэтгэдэг асар хүчтэй механизм болон хувирдаг айхтар этгээд. Ийм нөлөөллийн мянган жишээ дэлхийн нийгмийн хамгааллын намтарт байна. Монгол улсын түүхэнд ч бас бий. Тухайлбал, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн ачаар мянга, мянган иргэн нийгмийн даатгалынхаа хуудсыг бүтэн болгож, мөрийг битүүлж чадсан. Тэтгэвэртээ гарчихаад тэтгэврийн мөнгөөрөө жарган суухад одоо саад үгүй.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн эхний он жилүүдэд олон мянган иргэн хувиараа бизнес эрхлэгч гэсэн статустайгаар ганзага үүргийн найманд явж, гадуур дотуур гүйлдсэнээс болж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөө урт хугацаанд урамтсан билээ. Ганц иргэд ч гэлтгүй, ажил олгогчид хүртэл санаатай болоод санамсаргүйгээр ажилтнуудынхаа шимтгэлийг тасалдуулсан жишээ өч төчнөөн. Харин эл хуулийн буянаар 160 мянган иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, ажилласан жилээ тооцуулснаар ирээдүйдээ итгэх найдварыг өвөрлөж, илүү ихийг бүтээх урам дүүрэн болсон нь хэвлэл мэдээллийн дэлгэсэн олон баримт, иргэд түмний хэлсэн яриа бүрээс тодхон харагдана.
Тэгвэл малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 онд батлагдаж 2019 оноос дагаж мөрдөгдөх болсноор нийгмийн даатгал дахь бас нэгэн том цоорхой бөглөгдлөө. Энэ хууль үйлчилсэнээр даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжоор бүхэл бүтэн 400 МЯНГАН МАЛЧИН хангагдана гэсэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны албан тооцоо байна. Үүнийг том агуулгаар нь харваас, малдаа ойр байх хүсэлтэй иргэд олон болно, хөдөөнөөс хот руу ирэх их нүүдэл саармагжина. Энэ бол нийгмийн даатгалын нийгэмд үзүүлэх ДАЛД НӨЛӨӨ. Мөн нийгмийн хамгааллын систем ямар хүчтэй болохын монгол жишээ. Тиймээс ч Германы канцлер Отто Бисмаркийн 1883 онд анхлан хэрэгжүүлсэн энэхүү системийг дэлхийн улс орнууд үе дамжин хэрэглэсээр буй за.
Нийгмийн даатгалын нийгэмд үзүүлдэг ил болоод далд нөлөөллийн тухайд ийм бол хувь хүнд хүртээх ашиг шим нь мөн л чамгүй их билээ. Иргэн таны хийдэг үйлдэл болгон нийгмийн даатгалтай ямар нэгэн байдлаар холбогдож байдаг. Ажлаасаа халагдсан бол гэнэт халагдсаны төлбөр, бие өвдсөн бол үнэгүй эмчлүүлэх гэх зэргээр иргэдийн төлсөн шимтгэл эргээд өөрт нь хөрөнгө оруулалт болон хүртээгддэг. Тэгэхээр ажилтай ч бай, ажилгүй нь ч бай падгүй. Нийгмийн даатгалаа л ТӨЛӨХ НЬ ЗӨВ. Төл л дөө, залуус аа.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2 comments
Нийгтийн даатгал төлөхгүй явчихаад тэтгэвэр бага байна гэж гоншигнохоо больцгоо
Нийгтийн даатгал төлөхгүй явчихаад тэтгэвэр бага байна гэж гоншигнохоо больцгоо