ОУВС-гийн хөтөлбөрөөс гарахыг уриалагчдад тавих гурван асуулт

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах ёсгүй байсан гэдэг үгийг сүүлийн үед зарим улс төрчид “унагаж” эхэллээ. Хөтөлбөр тохирсон Засгийн газар нь унаж, дараагийнх нь томилогдох гэж байгаа энэ үед дээрх саналууд гарч ирэх нь цаг хугацааны л асуудал байлаа.

Гэвч…

ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго нь манай төсөв сангийн бодлогын эмх замбараагүй байдлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх байсан. Дурын гишүүн тойрогтоо цэцэрлэг бариулах гэж төсвийн алдагдлыг өөгшүүлж, сүүлийн 10 жил хүний мөнгөнд хандаж байгаа мэт авирласныг өнөөгийн бидний байгаа байдал гэрчилнэ. Ж.Эрдэнэбатын ч байна уу, Ч.Хүрэлсүхийн ч байна уу аль ч засгийн үед бай энэ бидний мөнхийн асуудал байх болно гэдгийг санах хэрэгтэй.

Мөнхийн асуудлаа шийдэхгүйгээр бид урагшлах уу, эдийн засаг өсөх үү гэдэг ЭХНИЙ АСУУЛТ гарч ирж байна.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас л гэхэд 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. “Хөтөлбөрийн хүрээнд” гэдэг үгийг тодотгож хараарай. Хэрэв зүгээр л цацчих юм бол Монголчууд хэзээ ч юм хийж байгаагүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болно гэдгийг эрхбиш мэдээд байна.

Үүгээр зогсохгүй ирэх гурван жилийн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас үе шаттайгаар тэрбум гаруй ам.долларын санхүүжилт авах ёстой. Дараа нь БНСУ, БНХАУ гээд санхүүжилтийн цуваа үргэлжилнэ.

ОУВС-гийн 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бол маш бага өртөгтэйгээс гадна олон эх үүсвэрээс гаралтай гэдгээрээ давуу талтай юм. Хөтөлбөрт хамрагдсанаар хийгдэж буй өөр нэг чухал зүйл бол Монголын санхүүгийн системийг нуруун дээрээ үүрч буй арилжааны банкуудад хийгдэж эхэлсэн Активын чанарын үнэлгээ /AQR/.

Эдийн засаг өсөхөд хамгийн чухал зүйл юу гэхээр эдийн засаг дахь зээлжүүлэлт, зээлийн урсгал хэвийн үргэлжлэхээс гадна хязгаарлагдмал нөөц бололцоо нь маш үр ашигтай хуваарилагдаж байх ёстой. Ийм үйл ажиллагааг банкны систем гүйцэтгэдэг. Бусад улс оронд хөрөнгийн зах зээл бас чухал байдаг ч Монгол Улсын онцлогтой холбоотойгоор энэ үүргийг банкны систем бараг дангаараа гүйцэтгэж байгаа. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны системд маш их ач холбогдол өгч буй.

Европын Төв банкны стандартаар, үнэлгээний чиглэлийн гигантуудын нэг PwC компанийн Чех улс дахь оффис ажлаа эхлээд сар болж байна. Өдий болтол эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан салбарын эрүүл мэнд, хүч чадлыг бодитоор үнэлэх нь хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгийг эдийн засагт үр ашигтай шингээх чадварыг сайжруулж байгаа хэрэг юм.

Хэрэв хяналт шалгалтаар муу үнэлгээ авбал банкуудад өөрийн хөрөнгөө сайжруулж, гадаад дотоодоос санхүүжилт татах 6 сарын хугацаа өгнө гэдгийг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбат хэлжээ. Банк дампууруулж, хадгаламж эзэмшигчдийн мууг үзэх гээд байгаа юм биш аж.

Хэрэв хөтөлбөр зогсвол бид банкуудаа эрүүлжүүлэх алхмаасаа ухарч, арилжааны банкуудаа “хараасаар” үлдэх үү гэдэг ХОЁР ДАХЬ АСУУЛТЫГ бас л асуух хэрэгтэй байгаа биз.

“Зуд болохоор нохой таргална” гэгчээр Австралийн Күинсландад үер болоход нүүрсний үнэ өсөж Монголын улс төрчид популист амлалтаа биелүүлэх боломж гарч ирдэг болоод удлаа. Энэ жил ч тэр. Төсвийн орлого 40 хувиар давж биелсэн биш “Банкны өр тэглэнэ”, “ОУВС-гийн хөтөлбөрөөс гарна”, “Мөнгө тараана” гэх мэт асуудлууд яригдаж, илүү гарсан хэдэн тэрбум төгрөгөө хэрхэн яаж сонгуулийн өмнөх үмх шар тос болгох вэ гэдэгт намууд ухаанаа уралдуулж байх шиг байна.

Төсвийн орлогын биелэлт ердөө хоёрхон шалтгаантай. Эхнийх нь НӨАТ-ын бүртгэл сайжирснаар бид авч чаддаггүй байсан татвараа авдаг болсон. Хоёр дахь нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт ААН-үүдийн орлогыг нэмэгдүүлсэн.

Нүүрсний үнэ унавал яах вэ. Дараа жил НӨАТ-ын татвар лав ингэж нэмэгдэхгүй л байх. Энэ бүх популист бодлуудаа орхиод цэвэр тунгалагаар сэтгэж эхэлбэл бид эргээд л нэгдүгээр асуултад хариулах хэрэгтэй болно. Сахилга баттай төсөв, цэгцтэй, чимхлүүр төрийн бодлого л ахин яригдана.

ҮГҮЙ ГЭВЭЛ та бүхэнд тавих гурав дахь асуултаа дэлгэж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр гадаад өр, төсвийн асуудлаа шийдэх ямар гарц байна вэ. Үүнийг бага өртөгтэйгээр, аливаа улсаас хараат бусаар хийж чадах уу. Бид 27 жил хууртагдсан улс төрчдөдөө /та бүхэнд/ ахиад л итгэх үү?

А.АНИР

 

One thought on “ОУВС-гийн хөтөлбөрөөс гарахыг уриалагчдад тавих гурван асуулт

  1. Нэргүй 2017-09-22 20:53 at 20:53

    төсвөө тана

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн