Ерөнхий сайдын суудлын төлөөх шинэ “марафон”

2017-09-11 14:18
erunhii said

Засгийн газар огцроод дөрөв хонож байна. Амралтын өдрүүд өнгөрч шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр дуусах тийшээ орлоо. Хэвлэлийнхэн шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн бол олон нийт энэ тухай ямар ч мэдээллийг шүүрэн авч уншихад бэлэн болжээ.

Засгийн газрыг огцруулах санаачилга гаргасан МАН-ын гишүүд болон тэднийг дэмжиж саналаа өгсөн АН-ын УИХ дахь гишүүдийн зүгээс дараагийн Засгийн газрыг байгуулах, өвөлжилтийн бэлтгэлд анхаарал хандуулах, улс орны эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэхгүй байх алхамыг хэрхэн хийх вэ гэсэн санал санаачилга өнөөдөр гарсангүй. Тэд бүгдээрээ ийм ажин түжин байгаа нь Ерөнхий сайдын суудал болон түүний танхимыг бүрдүүлэх явцыг чимээгүй ажиж, энэ тэнд хэд гурваараа уулзан тохироо хийх зэрэг ажилдаа орсон байгааг гэрчлэх мэт.

Ийм үзэгдэл монголын улс төрд хэвшмэл болсон. Цаг бусаар огцорсон Засгийн газрын оронд шинэ танхим тодрох хүртэл энэ ажил ший жүжиг мэт үргэлжилдэг. Төрийг тогтворгүй байдалд оруулдаг улстөрчдийн эрх мэдэлд шунасан шунал улс орны хөгжлийг боомилдог. Хөрөнгө оруулагчдийг үргээдэг, Монгол Улсын гадаад нэр хүндийг унагдаг. Эдийн засгийг чөдөрлөдөг. Энэ бүгдийг эрх баригч МАН-ын улстөрчдөд дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

Монголд Засгийн газрыг огцруулах ээлжит ажиллагаа явагдсаны дараа гаднын хэвлэлүүд: 

Гадаадын хөрөнгө оруулалт зогсож, түүхий эдийн үнэ унаснаас Монгол Улс олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын сантай тусламжийн хөтөлбөрт хамрагдах болсон юм. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулахыг зорьж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг дөнгөж хэрэгжүүлж байхад Засгийн газар огцорлоо. Энэ нь далайд гарцгүй энэ орны улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдлыг харуулж байна. Мөн хөтөлбөрийг гацах хэмжээний эрсдэлд хүргэж мэдэхээр байна. Монголын тогтвортой байдлын тухай байнга санаа зовидог олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншүүд МАН-ын тэргүүлсэн Монголын Засгийн газрын тогтвортой байдалд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан ч тэдний найдвар талаар өнгөрлөө” хэмээн бичиж эхлээд байна.

Шинэ Ерөнхий сайд… Тэр хүн хэн бэ?

Яг одоо МАН-ын гишүүд Удирдах зөвлөл хэзээ хуралдах бол гэсэн хүлээлттэй байна. Засгийн газар огцорсон үед энэ зөвлөл хуралдаж, намын Бага хурал, Их хурлыг хуралдуулах товыг тогтоох, дараагийн Засгийн газрыг эмхлэх хугацааг тоймлох асуудлыг хүссэн ч, эс хүссэн ч ярина. Энэ бүгдийн дараа Ерөнхий сайдын суудлыг “зүүдлэгчид” ил гарах болов уу.

Энэ албан тушаалд хамгийн түрүүнд Засгийн газрыг огцруулах санал санаачилгыг өрнүүлсэн УИХ-ын 30 гишүүн У.Хүрэлсүхийг зүтгүүлж байсан. Гэвч Засгийн газраараа туг тахиж, Ерөнхий сайд болохын тулд олны анхааралд өртөхөөр дэгдээсэн тагнасан чагнасан дуулиан нь У.Хүрэлсүхийг мухардмал байдалд оруулаад байгаа аж. Прокурорын байгууллага түүнд үүсгэсэн Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг завдсан эсэхийг шалгах хэрэгт хяналт тавьж дуусаагүй байгаа.

У.Хүрэлсүх энэ хэргээс мултарсан ч мөнөөх Засгийн газраа огцруулсан МАН-ын гишүүд нэр хүнд нь нэгэнт халтайж эхэлсэн хүнийг дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэхгүй гэсэн байр суурь барих болжээ. Сул орон зайг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайд зүтгэхэд болохгүй юмгүй гэсэн бодолтой явах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Үүнээс гадна MSC-ийнхэн Ерөнхий сайдад хүнээ зүтгүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сойх бодолтой гэх. МАН-ын гишүүдийн амбиц, хуваагдал дор хаяж бүтэн сар үргэлжлэх төлөвтэй.

Энэ дажин хямралаас гарч амжаагүй эдийн засаг, төр нь тогтвортой байхыг чагнасан хөрөнгө оруулагчид, хямралд дарлуулж яваа иргэдэд хамгийн түвэгтэй байх нь гарцаагүй. Бүлэглэл, фракцид хуваагдаж, тэдний төлөөний хүнийг Ерөнхий сайд болон бусад албан тушаалд томилж ирсэн түүх багадаагүй. Ийм хүнд цаг үед Ерөнхий сайдын суудалд МАН доторх MCS фракцитай ойлголцчихдог, намын даргатайтайгаа учраа олчихдог, У.Хүрэлсүхийнхэнтэй ярьчихдаг ерөнхийдөө эв эе барьдаг хүн хэрэгтэй байгаа. Мэдээж хэрэг эдийн засгийн хямралаас гаргаж дөнгөх, хөрөнгө оруулагчдийн итгэлийг сэргээх арга замаа мэддэг, ард иргэдийн итгэлийг сэргээх чадвар бас тэр хүнд байх ёстой болох байх. Харин тэр хүн хэн бэ?

Д.ХАЛИУН