Хотын дарга Э.Бат-Үүл 2014 онд захирамж гарган Автобус I, III, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэр гаргаж байлаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилготой байгуулсан хэмээн тодотгосон нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдаад багагүй шүүмжлэлд өртөж байв.
Тухайлбал, орон тоо бүтцийн хувьд данхайсан. Хуучин бүтцээр ажиллахдаа нэг компанийн жолооч, мөнгө хураагч, засварчдаас бусад ажилтан, албан хаагчдын тоо дунджаар 40 байсан бол 160-д хүрсэн. Ажил үйлчилгээний шуурхай байдлыг алдагдуулж, эдийн засгийн үргүй зардлыг бий болгон, хүнд суртлын шат дамжлагыг нэмсэн. Удирдлагууд сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авах нэрийдлээр үнийн зөрүү гаргаж, хувьдаа ашиг олж байна гэсэн “матаас” дагалдаж байсан юм.
Тэгвэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга нарыг тойрон өрнөсөн хов жив, “матаас” үнэн байсныг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2017 оны 6 сарын 5-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шалгалт нотлоод байна.
Орон тоо бүцийн хувьд Автобус I парк 45 удирдах ажилтантай, харин Автобус III парк 39, Цахилгаан тээвэр компани 57 ажилтантай байсан бол Зорчигч тээврийн нэгтгэл болсоны дараа энэ орон тоо 172 хүн болж өргөжсөн байх юм.
Үүнээс гадна Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 2016 оны есдүгээр сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл хагас жил хүрэхгүй хугацаанд 80 орчим сая төгрөгийг дэд захирал, баазын дарга, ерөнхий нягтлан бодох, албаны дарга нартаа Хамтын гэрээнээс гадуур тэтгэмж болгон олгожээ.
Автобаазын техникийн засвар үйлчилгээнд нэгтгэл энэ хугацаанд нэг тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ 2017 онд 19 сая 202 мянган төгрөгөөр авч байсан троллейбусны чопер гэх EM 231 загварын сэлбэгийг 49 сая 500 мянган төгрөгөөр, 432.000 төгрөгийн үнэтэй шүүлтүүрийн ороомог нэртэй сэлбэгийг 2 сая 35 мянган төгрөгөөр худалдан авсан байх юм. Эндээс үнийн дүнгийн зөрүүг харж болох байх.
Энэ хоёр баримт ердөө захын жишээ. Цаасанд хэвлэгдсэн шалгалтын баримтад 22 төрлийн сэлбэгийн 2013 он болон 2017 оны худалдан авсан үнэ, зөрчил илэрсэн үеийн худалдан авалтын үнэ жагссан байгаа тул нэмж бичих нь илүүц биз ээ.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын даргаар одоо НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар хэмээх этгээд ажилладаг. Энэ дарга ашиг сонирхол шингэсэн худалдан авалтуудын талаар ямар тайлбар хэлэхийг харж л байя.
Өнгөн талаас нь ажаад, хэвлэлийн тойм сөхөн харвал Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн ИТХ-д сонгогдсон, МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар гэдэг энэ этгээд “МАН дотор шинэчлэлийн салхи сэвэлзэж байна. Манай намын хувьд УИХ-д олонх болсон, Нийслэлд ч мөн олонх болж чадлаа. Энэ бол ард түмний итгэл юм. Гэвч энэ итгэлийг Ерөнхийлөгчийн сонгуулиар алдчихлаа. Буруу ташаа зүйлс ярьж, олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж байгаа хүмүүс байгаа юм. Тэд нэн яаралтай уучлалт хүсэх ёстой. Үнэндээ нэг хүнээс болж улс төрийн ууган хүчин нийгэмд буруугаар ойлгогдох хэмжээнд хүрчихлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шүү дээ. 60 тэрбум гэх үг, энэ хэлбэр дүрснээс болж манай нам нийгэмд харагдахаа больж эхлээд байна. Тиймээс намынхаа нэр хүндийг өргөх, ард түмний өгсөн итгэлийг хариулахын тулд хариуцлагатай байж, дор бүрнээ ухамсарлаж, алдаагаа хүлээн зөвшөөрч, шинэчлэлт, өөрчлөлтийг хийх ёстой” гэж ярьж явдаг нэгэн байх юм.
Тэр энэ эрчээрээ явсаар албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж байгаа НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурчихсан байгаа. Харин Г.Төмөрбаатар Нийслэлийн нийтийн тээврийн орлогыг яагаад хууль бусаар зарцуулсан тухайгаа Ц.Сандуйг шүүмжилсэн шигээ шударгаар тайлбарлаж чадах юм болов уу?. Нийтийн тээвэрт төлсөн зорчигчдийн мөнгийг Та хааш нь урсгаад, юунд зориулсан юм бэ, Г.Төмөрбаатар дарга аа!
Д.ХАЛИУН
6 comments
Энэ нохой өмнө нь даргаар ирээд хамаатан садан нууц амраг энэ тэртэй гээ нийлж баахан идэж уугаад хөөгдөөд явсан . Дахиад даргаар явуулж байдаг . Ёстой эрээ цээргүй новшийн нохой доо.
Ер нь манай төсөв яагаад хэтэрдэг өрөнд ордог вэ гэхээр бүх худалдан авалт яг ийм. Бүгд ийм учир дампуурч байгаа юм.
Энэ аль эрт шоронд орох болзолоо хангачихаад байгаа сдаа ш дээ
Энэ нөгөө рашаан сувиллын компанилуу автобусны сэлбэг гэж 50 сая төгрөг худалдаж авсан дарга мөн байнашдээ. нээрээ алхымаа энэ МАН-ыхан
Г. Төмөрбаатар Автобус баазын ажилчдын итгэлийг 100 хувь үнсэнд хаялаа Одоо боль ажлаа өг Автобус баазаас явж 60 тербумын намдаа очиж нүглээ хүлээ???
энэ автобусны компанийн хүмүүс гэж яахаараа ийм хэл амтай байдаг байна.АН-ын үед Одонтунгалаг авгайг зайлуул, Увсынхан идэж ууж дууслаа гээд хашгираад ажил хаяж гүйлдээд байсан санагдах юм бүтэхгүй хүмүүс шүү