[starbox]
Саудын Арабын хааны удмын хүн байна гэдэг хүнд, бас тун аюултай. Сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн хунтайж амиа алдаад байгаа нь Саудын хаанчлал ямар хямралд орсныг гэрчилж буй юм. Энэ тухай нийтлэлч Владимир Тихомировын нийтлэлийг товчлон хүргэж байна.
2016.09.09. Эр-Риядын нисэх онгоцны буудал.
“Learjet-85” хувийн онгоц буухад бэлтгэж байна. Харин түүн дотор сууж явсан хунтайж Сауд ибн Саиф Эр-Риядын шинэ бэлгэдэл болсон Хааны төвийн цамхгийн өндөр ганжирыг харав.
-Энэ Каир биш байна!-гэх аймшигт таавар хунтайжийн толгойд орж ирлээ. –Намайг хааш нь авч ирээ вэ? Та нар намайг хуурсан байна.
Сауд үсрээд бостол хажууд нь шаргал үст стюардесс ирэх нь тэр.
-Эрхэм дээдэс ээ, суудалдаа сууна уу. Тайвшир, суу хэмээн стюардесс бүсгүй цэвэр араб аялгаар өгүүлэх аж.
-Та нар яаж чадаж байна аа. Заваан амьтад!
Хунтайж стюардесс руу далайсан боловч тэр ч байдлыг агшин зуур мэдэрч, гарыг нь өчөөд, тэгснээ ганц ухасхийлтээр хунтайжийн хүзүү рүү урьдчилан бэлтгэсэн тариагаа зоож орхив.
-Та нар намайг хуурсан байна!- хэмээн Сауд уурлан хашхичих бөгөөд гутарсандаа тансаг перс хивсийг мэрж хэвтэхэд ч бэлэн байлаа. Чөтгөр гэж, тэр яг л бяцхан хөвгүүн шиг байдалд оржээ. Түүнийг Дотоод хэргийн орлогч сайдаар ажилладаг авга ах Ахмед аль-Салем нь эргэж ирэхийг ятгаж байсныг санав. Тэр ч бүү хэл толгойтой үснээс нь нэг ширхгийг ч унагаахгүй хэмээн амлаж, зүгээр л түүнтэй уулзаад, гэр бүлийн зарим асуудлыг зохицуулахыг гуйж байсан сан.
-Зүгээр ярилцаад л болоо юу?- хэмээн хунтайж тухайн үед ёжтойгоор инээгээд –Эрхэм дээд та намайг нохой шиг чулуугаар элдэн хөөнө гээд байгаагүй бил үү?- гэв. Хариуд нь авга ах нь:
-Хэрвээ чи татгалзах юм бол бид тэртэй тэргүй чамайг гэрт чинь чирч авч ирэх болно. Яг л өлөгчний зэвүүн хүү шиг хэмээн сүрдүүлжээ.
Ийнхүү Сауд өв залгамжлагч хунтайжтай уулзахыг, гэхдээ Каир зэрэг энгийн газарт уулзахыг зөвшөөрчээ. Түүний хүмүүс нь Эр-Риядтай ямар ч холбоогүй гэх Италийн нэгэн компанийн онгоцыг хөлслөн авсан байна. Гэвч Саудын тагнуулын газрынханд шийдэж чаддаггүй асуудал гэж байдаггүй бололтой. Ингээд өнөөх хөлсөлсөн онгоц нь Египет орохын оронд Сауд хунтайжийн олон жилийн турш зугтаад байсан Саудын Арабын нийслэлд буух нь тэр. Хунтайжийг юу хүлээж байгаа нь ойлгомжтой. Газар доорх нууц шорон, мансууруулах бодис хэрэглүүлсэн олон хоногийн байцаалт, дараа нь сонинуудад товч эмгэнэл…
* * *
Сауд хунтайж нь Саудын тусгай албаныхны хулгайлсан Саудын цорын ганц хунтайж байгаагүй юм. Өнгөрсөн жил яг үүн шиг нууц нөхцөлөөр Мароккод байсан хунтайж Турки ибн Бандар алга болжээ. Түүний хувьд 10 жилийн өмнө Парисаас улс төрийн орогнол хүсч байсан нэгэн.
Францын хэвлэлүүдэд мэдээлснээр Саудын тагнуулын ажилтнууд түүнийг ямар нэгэн аргаар Марокко руу явуулаад, дараа нь зочид буудлаас нь хулгайлж, эх орон руугаа аваачсан гэх. Үүнээс эрт Саудын Арабын хааны эзэмшилд байдаг Женевийн нэг хязгаарын харшаас хунтайж Султан ибн Турки хулгайлагджээ. Залуу хүү эхлээд оройн хоолонд дуудсан боловч нойрсуулах бодисоор хордуулж, дараа нь онгоцонд ачаад явсан гэдэг.
Гэтэл энэ жил Саудын хунтайжууд ар араасаа нас нөгчсөн. Хавар л гэхэд хаан ширээ залгамжлах шугамд багтаж байсан хунтайж Мишааль ибн Абдул-Азиз таалал төгссөн. Түүний араас хунтайж Абдуррахман нас барсан бол өнгөрсөн наймдугаар сарын эхээр 26 настай хунтайж Сальман ибн Абдаллах зүрхний шигдээсээр гэнэт амьсгал хураасан байна.
Энэ явдлаас долоо хоногийн дараа Бандар ибн Фад нас барсан бөгөөд Эр-Риядаас түүний үхлийн шалтгааныг албан ёсоор мэдэгдээгүй юм. Эндээс үзэхэд хэн нэгэн хааны цусны хүмүүсийг ангуучлах аян зарласан мэт сэтгэгдэл төрж байна. Гэхдээ Арабын хаан ширээний тулааны тухай ярихдаа Саудын Араб анх үүссэн түүхээс эхлэх нь зүйтэй.
Нефтийн хаадын далд явуулга
1932 онд недж нүүдэлчин омгийн эмир Абдул-Азиз бин Абдуррахман ибн Фейсал Аль Сауд нүүдэлчин бедуинуудын суурьшсан Османы эзэнт гүрний хуучин мужуудыг нэгтгэх дайнаа дуусгасны дараа Саудын Араб хэмээх нэгэн улс дэлхийн газрын зурагт бий болсон түүхтэй. Шинэ улсдаа тэрээр ургийн буюу XVII зуунд шейх Мухаммед ибн Абд-аль-Ваххабын хамтрагч байсан, исламын цэвэрлэхийн төлөө мусульманчуудын хооронд алаан хядаан зохион байгуулж, ваххабизмыг үндэслэгч болсон өвөг дээдсийнхээ нэрийг өгчээ.
Абдул-Азиз ийнхүү Саудын Арабын анхны хаан болжээ. Тэрээр улсаа 22 жил удирдах хугацаандаа хэдэн арван эхнэрээсээ хууль ёсны 45 хүү үлдээсэн нь хаан засаглалын шавхагдашгүй хүний нөөц болжээ.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Абдул-Азизын хөвгүүд Саудын Арабыг удирдаж байсан юм. 1982 онд дөрөв дэх хаан, Абдул-Азизын дээрээсээ тав дахь хүү Халид хаан зүрхний шигдээсээр таалал төгсөхөд шинэ хаанаар түүний эцэг нэгтэй дүү, Абдул-Азизын дээрээсээ найм дахь хүү Фахд хаан болсон юм. Анхны хааны зургаа дахь хүү Насер хунтайж 1951 онд Эр-Риядад нэгэн үдэшлэг зохион байгуулах үеэр түүний дүү болох хааны долоо дахь хүү Мансур архинд хордож, нас баржээ. Энэ явдлын дараа Насер хунтайжийг албан тушаалаас хөөж, өв залгамжлагчдын жагсаалтаас хассан байна.
Саудын Арабыг үндэслэгч эцгийн өв залгамжлалын жагсаалтад багтаж байсан Фахд угаас онцгой байр суурьтай нэгэн байв. Учир нь тэрбээр Абдул-Азизын хамгийн хайртай, хамгийн нөлөө бүхий эхнэр Хасса бинт Ахмад аль Судайригаас төрсөн. Түүний ээж тус улсын хэд хэдэн мужийг эзэмшдэг ас-Судайри хэмээх хүчирхэг, баян овгийн хүн байсан юм. Абдул-Азиз хааны ээж нь ч мөн ас-Судайри овгийнх билээ.
Гэргий Хасса нь хаан Абдул-Азизад долоон хүү төрүүлж өгсний хамгийн том нь Фахд байлаа. Аль Судайригийн ах дүүс хоорондоо маш эвсэг бөгөөд “Долоон Судайри” хэмээх өөрсдийн овог аймаг хүртэл үүсгэжээ. Тэд бие биедээ далд явуулга хийхгүй, хамтдаа зорилгодоо хүрцгээдэг залуус байв.
Ийнхүү Фахд хааны хичээл зүтгэлээр Саудын Араб улс Үндсэн хуулиараа Саудын Арабын вант улс болжээ. Энэхүү хуульд зааснаар хаан ахмад хунтайж нарын эрхийг үл хэрэгсэн өөрийнхөө сонголтоор өв залгамжлагч хунтайжаа сонгох эрхтэй болсон байна. Уг хууль хааны удмынхны дунд эсэргүүцэл дэгдээж, үлдсэн хунтайжууд нь Фахдыг өөрийнхөө удмын хүнийг засгийн эрхэнд үлдээх замыг нь заслаа гэцгээж байв.
Тиймээс Фахд хаан бусад хунтайжийг тайвшруулахын тулд өөрийнхөө өв залгамжлагчаар Абдул-Азизын ес дэх хүү Абдалла хунтайжийг зарлахаар өөр аргагүй байдалд хүрчээ. 1996 оны хоёрдугаар сард Фахд хаан цус харваж, угсаа залгамжлагч хунтайж Абдалла Ерөнхий сайдын суудлаас улсаа захирах болов.
2005 онд Фахд хаан таалал төгсөж, Абдалла Саудын Арабын хууль ёсны хаан боллоо. Тэрбээр уламжлалыг эвдэхийг хүсээгүй учраас өв залгамжлагчаараа дараагийн дүү болох Судайри овгийн хунтайж, Батлан хамгаалах, агаарын тээврийн сайдаар ажиллаж байсан Султаныг зарлалаа.
2011 онд хунтайж Султан таалал төгсөж, хаан ширээ залгамжлагчийн цол дүрмийн дагуу хунтайж Талальд шилжжээ. Тэрбээр тус улс дахь цорын ганц бодит сөрөг хүчин болох “Залуу хунтайж нар” бүлэглэлийн шашны удирдагч юм.
“Залуу хунтайж нар” хөгшин удирдагчдын эсрэг
Саудын Араб улсыг үүсгэн байгуулагч өөрөө 45 хүүтэй байсан. Тэд бүгд л эцгийнхээ замналаар явахыг хичээж амьдарсан. Тэд ядаж л аав шигээ өнөр үр удам үлдээхийг хүсч байсан бололтой. Тухайлбал, Абдалла хаан л гэхэд 30 гаруй удаа гэрлэсэн бөгөөд 15 хүү, 20 охинтой болжээ. Эндээс үзэхэд өнөөдөр Аль-Саудын гэр бүл “хааны цусны” гэх 25 мянга орчим хүнтэй болсон гэсэн үг. Мөн 700 гаруй хунтайж өв залгамжлагчдын жагсаалтад багтаж байна.
Хааны гэр бүл Саудын Араб улсад хүнд дарамт болоод ч удаж байна. Тус улс бүх хунтайжаа тэмээ, “Ролекс” алтан цаг, спорт загварын “Ламборжини”-гээр хангах хангалттай хэмжээний нефть долларгүй. Ийнхүү хунтайж болгон мөнгө цацах боломжгүй болсон тул ядаж л нэр хүндтэй, нөлөө бүхий албан тушаал хэрэгтэй.
Хааны гэр бүлийн олон гишүүн ийм амьдралд бүхнийг хийхэд бэлэн байх нь ойлгомжтой. Гэхдээ хунтайж нарын дотор сэтгэл дундуур нөхөд ч цөөнгүй. Учир нь Саудын хоёр дахь үеийн төлөөлөгчид буюу анхны хааны ач нар хүүхдүүдээ хаан ширээнд суухыг хүлээх ямар ч боломжгүй гэдгээ сайн мэднэ.
Хэдий тийм боловч хоёр дахь үеийнхэн улс орныг удирдахад тодорхой хэмжээгээр оролцож байна. Тэдний олонх нь мужийн амбан захирагчид болж, зэвсэгт хүчин, тусгай албыг толгойлж, бизнес эрхэлж буй юм. Ингэхдээ тэд өөрсдийнх нь мэдлэг, туршлага карьер өсөхөд ямар ч тус болохгүй, нөлөөгүй гэдгийг маш сайн мэднэ. Хамгийн гол нь хааны ганц гарын үсгээр л тэд албан тушаал, эд хөрөнгө, нийгэмд эзлэх жингээсээ салах эрсдэлтэй. Тиймээс ч хааны гэр бүл дотор либерал шинэчлэл, хэт хаанчлалыг хязгаарлахын төлөө тэмдэг “залуу хунтайж нар”-ын бүлэглэл үүссэнд гайхах зүйл үгүй юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Life
1 comment