-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд У.Хүрэлсүх оролцож байна-
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 15.10 цагт (2017.08.29) эхэллээ. Өдөр 14.00 цагт эхлэхээр зар түгээсэн хурал нэг цагийн дараа 40 орчим гишүүн ирснээр эхэлжээ. Бүлгийн 30 гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад долоо хонож байна. Энэ асуудал өнөөдөр болж байгаа МАН-ын бүлгийн хурлын хойшлуулашгүй хэлэлцэх ёстой сэдвийн нэг болчихоод байгаа юм.
МАН-ын бүлгийн ажлын алба хэд хоногийн өмнөөс УИХ-ын гишүүддээ тойрогт ажиллах томилолт болон амралт, гадагшаа явах ажлуудаа зохицуулаад нийслэлд бэлэн байх ёстойг сануулсан гэнэ. Гэвч энэ хурлын ирц тийм ч сайн байсангүй.
Хуралд намаасаа урвасан хэрэгт буруутгагдаж байгаа У.Хүрэлсүх оролцохоор ирсэн бол Засгийн газартай тооцоо бодно хэмээн тодорсон 30 гишүүний тал нь ирээд байна. Засгийн газрыг огцруулах асуудлаар бараг тэнцүү хоёр хуваагдсан бүлгийн хурлыг нам тайван өрнөнө хэмээн төсөөлөхөд хүнд. Тиймээс МАН-ын бүлэг хурлын заал орчимд хөл хорио тогтоогоод байна.
Засгийн газрыг огцруулах саналын эргэн тойронд
Наанаас нь Засгийн газрыг огцруулах гэж байгаа хүмүүс нь УИХ-ын 30 гишүүн мэт харагдавч тэднийг блоклон Засгийн газрын эсрэг босгосон хүн бол Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг нь тодорхой байгаа. Гэвч У.Хүрэлсүх тэдний дундаас эргэж буцах хүн гарч магадгүй хэмээн тооцохдоо АН-аас дэмжлэг хайн, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээр кноп даруулна гэсэн тооцоотой байгаа нь ил болсон.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүний өрөөнд, ширээн дээр дэлгэсэн Засгийн газрыг огцруулах тухай бичигтэй хамт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, У.Хүрэлсүх нарын хамтран гарын үсэг зурсан нэгэн албан бичиг цацагдсан. У.Хүрэлсүхийн АН-аас дэмжлэг хайсны гэрч байж болзошгүйг харуулсан энэ бичигт өнөөдөр З.Энхболд яаран тайлбар хийж “Гүтгэхээ зогсоо” хэмээн мэдэгдсэн нь сонирхол татаж байгаа.
Тэр “Улс төрийн нөхцөл байдал хүндрэхийн хирээр асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэх, цаашилбал иргэдийг төөрөгдүүлэх зорилготой, зохиомол мэдээллүүд олноор цацагддаг болсон нь нууц биш. Иргэд ч аль нь үнэн, аль худал болохыг мэдэхээ больж төөрөлддөг нь үнэн” хэмээн дээрх бичиг бүхий гарын үсгийг үгүйсгэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ЗГХЭГ-ын албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэсэн хэрэгт буруутгагдан, баримт дэлгүүлж байхдаа ганхийгээгүй хүн эрх баригчдын дотоод үймээн төрийн албан ёсны баримт биш, ердөө хоёр иргэний хосолсон гарын үсгэн дээр эмзэглэсэн нь олон хүний анхаарлыг татлаа.
Тэдний гарын үсэг бүхий цаасыг У.Хүрэлсүх АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, 3-4 яамыг АН-ын гишүүдэд өгөхөөр амласан. Үүнд нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүний цөөнгүй нь уурласан гэсэн тайлбар дагалдаж байгаа юм.
У.Хүрэлсүх + Х.Баттулга
Мөн л өчигдөр, үд дунд Ерөнхийлөгчийн тамгын газраас нэгэн мэдээлэл цацагдсан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Ерөнхийлөгчид илгээсэн Шадар сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай албан бичгийн хариу байлаа.
Энэ хариултад “Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна. Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул У.Хүрэлсүхийн ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье” гэсэн мөрүүд бичигдсэн байв.
Эрх баригч намын нэг улстөрч Төрийн өндөр албан тушаалаас сайн дураараа халагдах өргөдлөө өгнө гэдэг сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд худалч хүнд инээж байгаад хүсэлтийг нь биелүүлэх боломж гэсэн үг. Гэвч Х.Баттулга ийм үйлдэл хийсэнгүй, илүүг хүсэв. Тэртусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа урваж, өөрт нь мэдээлэл өгч, ашигтай байдлаар хамтран ажилласан хэрэгт хардагдаж байгаа хүний олон нийтийн сүлжээнд цацагдсан өргөдлийг авна хэмээн “чичрэх” нь Х.Баттулгыг тийм намбатай харагдуулсангүй. Үүгээрээ харин ч тэр У.Хүрэлсүхтэй нэг багт тоглож байгаа, түүнийг хамгаалж байгаа мэт харагдаж эхлэв.
Т.ГАРЬД
3 comments
ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРЧ СУУХААС ЭНХБОЛД ОДОО60 ТЭРБУМАА ҮҮРЭЭД ГАРААД ИРЭХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ
хурдан шинэ засаг нь гараасай, энхболд эрдэнэбат 2 бол цаашаа шүү
Улсын их хурлаар хэлэлцэх асуудлыг нам дээрээ хэлэлцэх , Засгийн газрыг огцруулахгүй байх алхамуудыг хайж байгаа нь илт. Нөгөө гишүүд нь намын шийдвэрийг дагасан гэх байх даа.