Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдан борлуулж байсан 5 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
“Ми ми” нь донтуулах чанартай, тогтмол хэрэглэсэн тохиолдолд хүний таван цул эрхтэнд хуримтлагдсаар бие махбодийг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг хор хөнөөлтэй зүрх, уушиг, элэг, бөөр, дэлүү буюу таван цул эрхтнийг гэмтээж, амь насанд нь аюул учруулах бодисуудаар гаргаж авдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон.
Тийм ч учраас БНХАУ-д кофейн натрын бензоат буюу уг бодисыг сэтгэцэд нөлөөт бодисын хоёрдугаар ангилалд авч үзэн, энэ төрлийн хэрэгт захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ц, Н, Х, Цогтцэций сумын иргэн Т, Ц болон Ханбогд сумын Э нарыг энэ төрлийн бодисыг худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол байхгүйг албаны эх сурвалж хэлэв.
Тиймээс 2017.07.01-ний өдрөөс мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Ингэснээр “Ми ми” гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрджээ.
Эх сурвалж: ЦЕГ