Өнгөрсөн ням гаригт (2017.08.27) гарсан шүлхий өвчний улмаас Морингийн даваанд хорио цээрийн бүс тогтоогоод байгаа. Малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсэд 2000 орчим хүн хорионд оржээ. Мэргэжлийн байгууллагууд 28 хоногийн хугацаатай хорио тогтоох юм байна.
Энд амьдардаг иргэн Цэвээнжавийн 14 үхэр туссан шүлхий өвчин Дундговийн нутгаас тээгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа аж. Тэднийх өнгөрсөн долдугаар сард малаа Дундговиос тууж хот руу оруулж ирсэн бөгөөд малдаа вакцин хийлгээгүй байжээ.
Дундговь аймагт шүлхий дэгдэж мөн л хорио цээр тогтоосон байгаа. Гэвч замын хяналт шалгалтын багийнхан хөдөөнөөс хөлөөрөө хот руу орж ирж байгаа малыг шинжлээгүй, гарал үүслийн бичгийг ч шалгаагүй талаар албаныхан мэдээлж байна. Ирэх баасан гаригт Хичээлийн шинэ жилийн нээлт болно. Хичээл сургуультай, ажил албатай олон зуун хүн хорио цээрийн бүст хоригдчихоод байгаа юм.
Малаас хүнд халддаг аюултай өвчин учраас шаардлагатай бол сургууль, цэцэрлэгийн хичээллэх хугацааг хойшлуулахаас өөр аргагүйд хүрэх болов уу гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдэгдээд байна.
Шүлхий дэгдсэн үед хорио цээр тогтоох, устгал хийх, нөхөн олговор олгох, голомтод ажиллах хүн хүч, машин техникийн зардалд улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Тиймээс нийслэлийн бүс нутагт ойр ойрхон дэгдэж байгаа шүлхий өвчнөөс сэргийлэхийн тулд Нийслэлийн удирдлага болон мэргэжлийн байгууллагууд малтай өрхүүдийг нийслэлээс гаргах асуудлыг ярьж эхлээд байна.
Одоогийн байдлаар нийслэлд 900 гаруй өрхийн 16704 мал бүртгэлтэй байдаг. Эхний ээлжинд хотын А бүсээс 2700 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ. Албаныхан хамгийн түрүү төвийн бүс болох 100 айл, Зайсан толгой, Алтан-Өлгий, Дарь-Эх болон 2, 3 буудалд байгаа малд анхаарлаа хандуулж, есдүгээр сарын 1 гэхэд нүүлгэх төлөвлөгөөтөй байгаа гэнэ.
Нийслэлийн захын хороололд байгаа иргэдийн малыг ирэх тавдугаар сарын 1 гэхэд нүүлгэн шилжүүлж дуусах бололтой. Малтай айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болон өвөлжөө барих зардлын тооцоог орон нутгийн Засаг дарга нар гаргах бөгөөд хөрөнгийг төрөөс гаргах юм байна.
Зарим малтай айлууд малын бэлчээр байхгүй, өвс тэжээлийн үнэ тэнгэрт хадсан, зардлаа дийлэхгүй байна. Мал худалдан авах боломж байна уу гэсэн хүсэлтийг орон нутгийн захиргаандаа гаргасан учраас тооцоо судалгаа, хөндлөнгийн шинжээчийг оролцуулан малтай иргэдийн малыг худалдан авах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн удирдлагууд бас мэдэгджээ.
Нийслэл орчимд мал маллаад амьдарч болох бүсийг мөн тогтоогоод байгаа. Энэ нь Баянзүрх дүүргийн Хонхор, Гачуурт, Хан-Уул дүүргийн Эмээлт, Биокомбинат, Шувуун фафрик, Сонгинохайрхан дүүргийн 21, 22 дугаар хороо юм.
А.ИРМҮҮН
1 comment
Үнэн үү