Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран таксины жолоочын амийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлжээ.
Хүн амины онц ноцтой гэмт хэрэгт холбогдоод буй 1999 онд төрсөн О, 2001 онд төрсөн Т, А, М, нарыг Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс саатуулсан байна. Тэд таксины жолооч О-ын машинд гар өргөн сууж, хотын төвөөс зайдуу аваачин жолоочийн амь насыг хөнөөсөн болох нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагад таксинд явахаар сураггүй алга болоод байсан жолооч О-гийн автомашиныг Сэлэнгэ аймагт 20 настай эмэгтэй А нь зарах гэж байна гэсэн мэдээллийн мөрөөр гэмт этгээдүүдийг олсон байна.