Цагдаагийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШТС-ууд дээрэмдсэн гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж байна.
Энэ сарын 7-нд тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Өлзийт хороолол руу явах зам дагуу байрлалтай ШТС-ын түгээгчийг сүрдүүлэн бэлэн мөнгө, камерын бичлэг хадгалдаг компьютерийн процессорыг дээрэмдсэн бол 16-нд Нисэхийн постны замын хойно байрлах ШТС-ын түгээгч Д, С нарт хүч хэрэглэн 1.5 сая орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг тус тус гарсан.
Гэмт этгээдүүд Чингэлтэй дүүрэгт оршин суух 23 настай, эрэгтэй Ө, 20 настай эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Х нар бүлэглэн дээрх хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Цагдаа нар сэжигтэн Ө, Б нарыг Улаанбаатар хотоос, сэжигтэн Х-г Төв аймгаас дайчлан баривчилсан аж.