Саяхан л монголчууд ажилгүйдэл, ядууралд сэтгэлээ чилээж, авлига хээл хахуулийг таслан зогсоох ёстой, уул уурхайн баялагаа үр ашигтай зарцуулах ёстой, монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд анхаарах ёстой, иргэдийн эрүүл мэнд орхиж болохгүй чухал сэдэв гэх мэт нийтлэг хүндрэлийг нийгмийн тулгамдсан асуудлаар нэрлэж байв.
Гэвч нэрлэгдэж байсан тулгамдсан асуудлууд өнөөдөр огт өөр зүйлд орон зайгаа тавьж өгчээ. Монголчууд ажилгүйдэл, ядуурлаа бууруулж, хээл хахуулиа зогсоон, уул уурхайгаа үр дүнтэй ашиглаж, ирээдүйн иргэдийн боловсролд анхаарал хандуулдаг болчихсон учраас энэ бүгд бүдгэрсэн хэрэг биш.
Иргэдийн, хувь хүний ёс зүй хэлэхийн аргагүй эвдэрсэн нь дээр нэрлэгдсэн асуудал бүр бүдгэрч үлдэхэд хүргэсэн гэвэл үнэнд ойр биз ээ. Нийгмийг бүрдүүлдэг иргэдийн ёс зүйн доройтол, зэрлэгшил өнөөдөр улс орноо сөхрөөж байна. Тэдгээрээс онцлон нийгмийг гутамшигтай харагдуулж байгаа таван шалтгааныг нэрлэж байна.
Нэг: Төрийн өмчийг тэрбум, тэрбумаар завшиж, авлига хээл хахууль авсан төрийн өндөр албан тушаалтан, олны танил улс төр, бизнесийн хүрээнийхэн Монголын нийгмийг ёс зүйн доройтолд оруулахад том түлхэц өгч байна. Улстөрчид УИХ-ын гишүүд чуулганы танхимд нэг нэгнээ луйварчин, худалч, хулгайчаар дуудан, цаашлаад цахим хуудсаараа олон нийтэд түгээж хэвшив. Энэ нь иргэдэд сөргөөр нөлөөлж, иргэдээс улстөрчдийг үнэлэх үнэлэмжийг нь “хулгайлчихав”.
Хоёр: Улс төрчдийн урвалт нийгмийг гутамшигтай харагдуулж байна. Тэдний эрх мэдлийн төлөөх шунал тэмцэл нь хэрээс хэтэрч, ард түмний цаг үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн Монгол төрийг хүчгүйдүүлж, олон нийтийн дунд нэр хүндийг унагаах том шалтгаан болж байна. Монголын төр хэн нэгнээ гүтгэн доромжилж, идсэн уусан, хуйвалдсан, зарсан үрсэн хүмүүсийн цуглуулга болж, нийгэмд заль мэх, луйвар, албан тушаалын төлөөх өрсөлдөөн, урваж шарвах зэрэг муу муухай үлгэр үзүүлдэг тайз биш билээ.
Гурав: “Херо” студийн найруулагч Б.Баатарын удаа дараа үйлдсэн утасны ярианы бичлэгүүд нийгмийг богино хугацаанд түргэн сэвтүүллээ. Үүнээс болж хүмүүс урьдын адил нэг нэгэнтэйгээ утсаа чөлөөтэй ярихаасаа айдаг болов. Энэ айдас хүмүүсийн итгэл үнэмшил хулгайлагдсан болохыг харуулж буй. Тэд өөр хоорондоо утсаар ярихаас болгоомжилж “чи яриа бичээд байна уу” гэж шууд асууж чаддаг болсон байна.
Дөрөв: Олон нийтийн сүлжээний эмх замбараагүй мэдээлэл. Олон нийтийн сүлжээг хэвлэл мэдээлэлтэй хутгах гэсэн том давалгаа үүсч, ашиг сонирхлын мэдээллийг энэ сувгаар түргэн шуурхай түгээж байна. Энэ орон зайг улстөрчид, олны танил хүмүүс эзэрхийлж, мэдээллийн болон оюуны хүчирхийлэл явуулж байгаа нийгмийг гутамшигтай харагдуулах нэг том шалтгаан болж байна.
Тав: Наанаа олон нийтийн эрх ашгийг сөхөн хөндсөн, цаанаа бол улс төрийн зорилготой жагсаал цуглаан нийгмийг хиртүүлэх өөр нэг шалтгаан болж өгч байна. Үүнээс гадна зорилго агуулсан хүмүүсийн турхиралтаар, бусдын явуулга, хатгалгаар аль нэгэн үйл явдлын гол дүр болон тодорсон цаг зуурын “Баатар”-ууд нийгмийг гутамшигтай харагдуулах боллоо. Жишээ нь: 60 тэрбумын бичлэгийн баатар З.Доржзодов, улстөрчдийн тоглоомд татагдан орж, ажил үүргийн шугамаар олж авсан бичлэгээ бусдад дамжуулсан Д.Ууганбаатар нарын хүмүүс.
Д.ХАЛИУН