Статусаа мэддэггүй нөхдүүд юм байх даа… Засгийн газраа огцруулах бичгийг өргөн барьсан УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулиар дүгнэж үзсэн, тэр хэрээр Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн Засгийн газарт дүн тавьж, М.Энхболд унасан гэх юм. Тэгээд ч зогсохгүй Засгийн газартай хариуцлага тооцно гээд дайраад байдаг нь “хаанахын ёс вэ”. Ерөнхийлөгчийн сонгууль Ж.Эрдэнэбатын Засгийн газарт юуны хамаа байна.
Хэрвээ хариуцлага тооцох хүн хайгаад байгаа юм бол өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын талд ажилласан У.Хүрэлсүхтэй хариуцлага тооц. Намаасаа төдийгүй МАН-д итгэл үнэмшлээ өгсөн мянга мянган гишүүдийн үзэл баримтлал дээр дэвсэлсэн У.Хүрэлсүхэд хариуцлага тооцооч. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллачихаад өдгөө намын даргын суудалд санаархаж, сул дорой гишүүдийг уруу татан Засгийн газрыг унагаах ажиллагаа эхлүүлээд байна.
Доройтсон эдийн засгийг босгох замынхаа уулзвар дээр ирчихсэн, олон төсөл хөтөлбөр боловсруулаад зарим нь гараанаас гарч байгаа энэ чухал үед Засгийн газрыг огцруулахаар улайрч байгаагийн цаана зөвхөн хувийн эрх ашиг л бий.
У.Хүрэлсүхийн хамтрагчид болох “Херо” Б.Баатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Топор” нэр хайрлачихсан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өч төчнөөн цацагдлаа. Тэгэхээр У.Хүрэлсүх нь Х.Баттулгын захиалгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагааг удирдаж байгааг харж болно. У.Хүрэлсүхийн командаар хөдөлж байгаа 30 гишүүнийг харахад дандаа улстөрд шинэ гарууд. Баруун зүүнээ мэдэхгүй эргүүтсэн нөхөд. Байр сууриа илэрхийлж байгаа зарчмаа ч мэдэхгүй.
Ямар сайндаа л Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хайж байхав дээ. Харин ч Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засаг нь хасах цэнэгтэй байхад өнөөдөр таван хувьд авчирсан бодит өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулагчдын нүүрийг наашаа харуулчихсан байхад энэ Засгийн газраас чухам ямар өө хайгаад байгааг ойлгох юм алга.
Үнэхээр л МАН-ын гишүүд мөн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг олж тогтоох гээд байгаа бол “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь У.Хүрэлсүх гэгч байж л байна. Бөх Ерөнхийлөгчтэй хавсран МАН-ыг булшлахаар улайрч байгаа энэ нөхөрт намынх нь гишүүд хариуцлага тооцож, намаасаа хөөх хэрэгтэй. АН У.Хүрэлсүхийн гараар МАН-ыг устгуулах төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг мэдэхгүй УИХ-ын 30 гишүүн гэхэд эргэлзээтэй.
МАН-ын тэдгээр 30 гишүүн уг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цаашлаад намаа муухай харагдуулж байгааг ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин тэдэнд хэн хариуцлага тооцох вэ? Мэдээж ирэх 2020 оны сонгуулиар сонгогчдод нь хариуцлага тооцно. Өөрсдөө кноп дарж Засгийн газраа байгуулчихаад эргээд засгаа унагах кноп дарах нь эрүүл хүнд байж боломгүй ёс суртахуун биз.
2 comments
Битгий монгол улсаар тоглоод бай л даа. Тогтворгүй төр хэнд хэрэгтэй юм бэ? Ард түмэнд лав хэрэггүй. Хэдэн урваач шарваач нөхдүүдэд хэрэгтэй биз. Нэг хүн гарч ирээл бүхэл бүтээ улс орон , намаар тоглоод хаячих юмаа
Одоо болио