2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг ашиглалтад орно. 12 цэцэрлэгийн барилгын ажил дууссан бөгөөд 9 дүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орох бол 5 сургууль 9 дүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны дотор ашиглалтад орох юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засварын явцтай танилцлаа.
Ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлж байна
Хотын дарга эхлээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль дээр очиж танилцлаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль гэсэн ерөнхий боловсролын 3 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгон, тохижилтын ажил хийж байна. Нийслэлийн төсвөөс 3 сургууль тус бүр 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийгдэж, 9 дүгээр сарын 1-ний өмнө бэлэн болохоор төлөвлөж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Одоо тохижуулж байгаа 3 сургуулийг эс тооцвол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлсэн ердийн сургууль байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгаж, энэ оны нийслэлийн төсөвт 300 сая төгрөг тусгасан. 16 дугаар сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд бий. Үүнээс гадна энэ хавийн сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ сургуульд суралцах боломжтой болж байна.” гэсэн юм.
16 дугаар сургуулийн үүдний довжоог сунгаж, налуу болгон, тэргэнцэртэй хүүхэд орох боломж бий болсон байна. Мөн хаалгыг томосгож, ариун цэврийн өрөөнүүдийг тэргэнцэртэй хүүхэд ашиглаж болохоор тохижуулж, сургуульд хүүхэд хөгжлийн өрөөг шинээр бий болгосон зэрэг тохижилтыг хийжээ.
3 жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орно
Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р сургууль 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн. Өнөөдөр хотын дарга барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын гүйцэтгэгч компанийн зүгээс танилцуулснаар өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 90 хувьтай байна. 9 дүгээр сарын 10 гэхэд үйл ажиллагаа явуулж эхлэхээр төлөвлөжээ.\
14 дүгээр сургуулийн өөрийн байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм.
Хотын дарга хэлэхдээ “Энэ жил концессын гэрээгээр 20 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил хийгдэнэ. Улсын төсөв, нийслэлийн төсвөөр 10 сургууль зэргээр сургуулиуд баригдана. 14 дүгээр сургуулийн хувьд ирэх сарын 10 гэхэд хичээлийг нь эхлүүлэх үүрэг даалгавар өглөө. Сурагчид 9 дүгээр сарын 1-нд бусад сургууль дээр хичээллэхгүйгээр эхний улирлын амралтаа нөхөх байдлаар хичээл явуулах нь зүйтэй гэж үзлээ. Одоо дотор, гадна тохижилтын ажил нь дуусвал хичээллэх боломжтой болсон байна.” гэлээ.
Тусгай сургууль төвлөрсөн дулаанд холбогдов
Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд ХУД-ийн болон Төв аймгиас оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг. Энэ хичээлийн жилд 240 хүүхэд суралцана. 1975 онд байгуулагдсан цагаасаа хойш уурын зуухаар дулаанаа шийддэг байсан тус сургууль энэ жил төвлөрсөн дулаанд холбогдлоо. Ингэснээр хүүхдүүд суралцах ая тухтай орчин бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад ч ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 63 дугаар сургууль дээр ажиллах үеэрээ “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд бид эхний ээлжинд төвлөрсөн шугамд холбох боломжтой сургууль, цэцэрлэгийг түүхий нүүрс түлдэг зуухнаас салгаж, төвлөрсөн шугамд холбож байна. Энэ жил 40 орчим байгууллагыг төвлөрсөн дулаанд холбох болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр төлөвлөж байна.” хэмээв.
2020 он гэхэд сургуулиуд 2 ээлжинд шилжиж, хороо бүр цэцэрлэгтэй болно
Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэнэ. Нийт 8 сургууль 3 ээлжээс гарсан бол 5 сургууль 3 ээлжид шилжсэн байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс 2020 он гэхэд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор төлөвлөж байгаа юм.
Хотын даргаар ахлуулсан баг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах 244 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил болон 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажилтай танилцлаа. 244 дүгээр цэцэрлэгийн барилгыг нийт 1.1 тэрбум төгрөгийн өртгөөр барьж, барилгын ажил 100 хувь дууссан байна. 100 ортой тус цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ.
Харин 188 дугаар цэцэрлэгийн хувьд 150 ороор хүчин чадлаа өргөтгөсөн байна. Өргөтгөлийн барилгын ажил 100 хувь дуусчээ. СХД-ийн 22 дугаар хороо цэцэрлэгийн насны 2223 хүүхэдтэй. Ийнхүү 244 дүгээр цэцэрлэг болон 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүчин чадал 250 ороор нэмэгдэж байгааг хотын даргад танилцууллаа.
Цэцэрлэгийн цахим бүртгэл 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл явагдана. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
yag yag