Ирэх сарын 1-нд хэрэгжих Зөрчлийн тухай хуулинд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэнийг 250.000 төгрөг, төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл ташаа болохыг албаны хүмүүс хэлэв.
Хэрэв иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн бол өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авах юм байна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлөх аж. Харин Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд зааснаар Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг ногдуулахаар заажээ.
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэжээ.