Хятадын хамгийн баян хүн Жон Шаншан үндсэрхэг үзэлтнүүдийн бойкотод өртөв. Тэрбээр цэвэр усны “Nongfu Spring” фирмийн гүйцэтгэх захирал юм. Цахим сүлжээн дэх хятадууд түүнийг үндсэрхэг үзэлгүй байна гэж буруутгаж буй. Үүнээс болоод компанийн хувьцаа сүүлийн үед үнэд орж, борлуулалтад нь сөргөөр нөлөөлөөд байгаа аж.
“Nongfu Spring” фирмийн хамгийн том өрсөлдөгч бол “Wahaha” групп. “Wahaha”-ийн үүсгэн байгуулагч Зонг Чинхоу өнгөрсөн сард нас барсан нь шүүмжлэлийг улам дэврээсэн. Зонг Чинхоу нь ард олны дунд нэр хүндтэй үндсэрхэг үзэлтэн байжээ.
“Nongfu Spring”-ын савлагааны материал, загвараас эхлээд компанийн залгамжлагчийн иргэншил зэрэг рүү хүртэл иргэд дайрч байна. Жон Шаншаны хүү Жон Шузи эцгийнхээ асар их хөрөнгийг өвлөж авах нь тодорхой хэдий ч америк иргэншилтэй. Энэ нь хятадуудад таалагдахгүй байгаа аж. “Хятадын ирээдүйн хамгийн баян хүн америк хүн байна гэдэг итгэмээргүй юм. Хүн хэчнээн баян байсан ч эх орноо гэсэн сэтгэлгүй бол зүрх сэтгэлтэй энгийн хятад хүнийг гүйцэхгүй” гэж “Internationale” нэртэй “Weibo” хэрэглэгч хэлэв.
Савлагааны тухайд “Nongfu Spring”-ын бор будааны цайн дээр мөрөг загасны хэлбэртэй дүрс байдаг. Үүнийг Японы уламжлалт мөрөг загастай холбож, хятадууд шүүмжилжээ. Мөн өөр нэг төрлийн ногоон цайны шошгон дээр Японы сүмийг дүрсэлсэн гэж шүүмжлэх хүмүүс ч байна.
Бойкот зарлах нь
цахим орчинд улам ихэсч байна. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад нэгэн жижиг дэлгүүр “Nongfu Spring”-ын бүх цэвэр усаа “Wahaha”-аар сольж байв.