Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэгэн жиргээ дэлхий нийтийг шуугиулж байна. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ярилцлагын дараа “Монголын түүхэн газрын зураг. Санаагаа бүү чилээ. Бид эрх чөлөөтэй, энх тайванч улс” гэж жиргэсэн нь “ЭКС” ертөнцийг шуугиулж байна.
Тодруулбал, сар шинийн үеэр “Fox News” сувгийн хөтлөгч асан Такер Карлсоны “Х” платформд нийтэлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагад “Оросын үе үеийн эзэнт гүрнүүд Польш, Унгар, Румын, Крымээс газар нутгаа шилжүүлэн Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсныг мөн Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс гэдгийг батлах бүрэн үндэслэл бидэнд бий” гэсэн нь дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан юм. Үүнтэй холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргээ найман сая гаруй хүнд хүрч, 100 гаруй мянга хүн реакшин үзүүлжээ. Дэлхийн “Х” талбарт монгол хүний жиргээ анх удаа олон сая хүнд хүрч, олон мянган хүнээс хариу үйлдэл авч байгаа нь энэ юм. Тэрчлэн монголчууд төдийгүй дэлхийн зарим улстөрч, хэвлэл мэдээлэл түүний жиргээг “оны онцлох пост боллоо” гэж байр сууриа хуваалцжээ.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жиргэхдээ “Ази Европын дээд хэмжээний уулзалт “АСЕМ”-ыг 2016 онд хийхэд ингэж нэг шуугисан. Монголын том нэр гарч шуугих тусам сайн. Бид чинь эрдэмт Монгол хүн, их түүх, эрх чөлөө, Эх орноороо бахархдаг улс шүү. Зарим хэвлэл, хүний бичсэнийг хавсаргав. Өөрсдөө олж үзээрэй” гэжээ.