Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын томилгооны талаарх сэтгүүлчдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариулт өгөв.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд болон хот хариуцсан сайдын шинэ томилгоог хэзээ хийх вэ? 

-МАН-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Уг хурлаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

-Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхий сайдтай чөлөөлөгдөж байгаа хууль зүйн сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга нарын оронд томилогдох нэр дэвшилтийн асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ.

-Х.Нямбаатар сайд авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг “Шувуу ажиллагаа” зэрэг томоохон ажлыг хариуцаж байсан. Энэ удаагийн томилгооны шинэчлэлээр өмнө нь хариуцсан том ажилд ямар нэгэн өөрчлөлт орох уу? 

-Х.Нямбаатар сайдын хувьд томоохон хэд хэдэн ажлын хэсгийг хариуцаж ажиллаж байгаа.

Тухайлбал Оюутолгойтой байгуулсан гэрээ, Францын нэр бүхий төрийн өмчийн компанитай уран олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах гэрээ болон “5Ш” ажиллагааг хариуцаж байсан.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэл болгосноор дээрх ажлын хэсгүүдийг салбар хариуцсан сайд нарт хариуцуулах юм. Шинээр томилогдох хууль зүйн сайд салбарын сайдынхаа чиг үүргийн хүрээнд бусад ажлын хэсгүүдээ хариуцаж ажиллахаар болж байгаа.

-Д.Сумъяабазар дарга ажлаа өгөөд, огцроод л болох уу. Түүнд хариуцлага тооцох уу? 

-Одоогийн байдлаар улс төрийн намын албан тушаалтай асуудал яригдаагүй байна.

Д.Сумъяабазар дарга ажлаа өгөхдөө нэг тайлбар өгснийг та бүхэн зөв ойлгох ёстой. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн процессын үйл ажиллагаанд алдаа гарсан учраас “Ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэдгээ тодорхой хэлсэн. Түүнээс биш авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсоноор ажлаасаа чөлөөлөгдсөн зүйл байхгүй байгаа.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн