Ногоон автобусны хэргээр огцорсон Д.Сумъяабазар 2020 оны 10 сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж Улаанбаатар хотын даргын албан тушаалд очсон. Тэгвэл түүний албан тушаалыг өнөөдөр /2023.10.04/ Х.Нямбаатар залгамжилж дараагийн хотын дарга боллоо. Тэрбээр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалтай нэгэн. Хамгийн хариуцлагатай, өндөр албан тушаалыг давхар хашиж буй ч ийнхүү “Хотын дарга” гэсэн сэтэрийг нэмэн зүүж байгаа нь яах аргагүй онцлог үйл явдал.
Олон нийт, ард иргэдийн зүгээс хотыг удирдаж, эмх цэгцэнд нь оруулж, хөгжил дэвшилд хөтлөх хүн хүсэмжилж байгаа хэдий ч МАН-ы хувьд “эрх мэдлээ хамгаалж” авч явах л хүн хэрэгтэй гэдэг нь энэ томилгооноос илхэн харагдана.
Улаанбаатар хотын хувьд жил ирэх тусам төсөв санхүү нь нэмэгдсээр, өссөөр ирсэн бөгөөд дараа жилийн орлого 2 их наяд давах төлөвтэй байгаа. Түүнчлэн 30 мянга гаруй албан хаагчтай бөгөөд удахгүй “Улаанбаатар бонд”-ыг зах зээлд гаргана гэдэг нь Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх, ХЗДХ-ын сайдын өндөр сэнтийгээ орхин Хотын дарга болохоор “яамнаасаа өөрийнхөө хүмүүсийг аван Хангарьд ордон руу нүүх” үндсэн шалтгаан яах аргагүй мөн биз ээ.
Д.Ийнгаа