Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийн унтлагын цагаар хамт унтаж, амардаг жишиг тогтжээ.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн унтлагын цаг 2-2:30 байдаг. Энэ үед багш нар унтлагын хувцас өмсөөд 30-40 минут унтаад босдог. Багш амраад босоод ирэхэд эрч хүчтэй болж, ажилд нь амжилт гардаг байна.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Сүхтогоо “Манай цэцэрлэг “Өдрийн дэглэмийг хүүхдүүдтэй хамт” арга хэмжээг зохион байгуулаад хоёр жил орчим болж байна.
Эхний ээлжид бүх л үйл ажиллагааг багш хүүхдүүдэд үлгэрлээд хамт хийж, туршиж үзсэн. Гэтэл багшийн ажил амждаггүй. Багшийн ажил ачаалал ихтэй байдаг. Ингээд багшийн ажлыг амжуулахын тулд дотроо зохион байгуулалт хийсэн юм. Багш хүүхдүүдтэйгээ амрахын тулд төлөвлөгөө гаргаж, ажлаа хурдан, шаламгай байж ажлаа амжуулах ёстой юм байна гээд өөрөө өөртөө амрах цагийг бий болгосон.
Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хүүхдүүдийн унтлагын цаг 2-2:30 байдаг. Энэ үед багш нар унтлагын хувцас өмсөөд 30-40 минут унтаад босдог. Багш амраад босоод ирэхэд эрч хүчтэй болж, ажилд нь амжилт, хүүхдүүдийн хичээл үйл ажиллагаанд ахиц гарч байна.
Манай цэцэрлэг долоон бүлгийн 150 хүүхэд, 9 багш, 7 туслах багштай. Эдгээр багш бүгд өдөр тутам унтаж амардаг. Багш нарын 60 хувь нь дунд насныхан.
Хүүхэд цэцэрлэг дээрээ унтах дургүй байдаг. Гэтэл багш хамт унтахаар хүүхэд би заавал унтаж амрах ёстой юм байна гэдэг хариуцлагатай болсон” хэмээн ярилаа.
Тэрбээр 23 жил цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд өглөөнөөс орой хүртэл ямар ч завгүй байсаар гэртээ ядарч очдог байна. Тиймээс хүн өдөрт 30-40 минут амарч байж дараагийн ажлын эрч хүчийг олж авах ёстой юм байна гэж бодоод багш нараа өдөрт амраахаар шийдэж, туршсан нь амжилтад хүрчээ.