2023-2024 оны галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-аас түлш борлуулалтын цэгүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийт долоон дүүргийн 492 борлуулалтын цэгээр 118 мянган тонн түлшийг 31 тээврийн компанийн 400 орчим машинаар түгээлтэд гаргаж эхэлжээ. Энэ жил нийслэлд нийт 655 борлуулалтын цэг ажиллах юм байна.
Харин үлдсэн 163 цэгийн үйл ажиллагааг аравдугаар сарын 1-ээс үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, “Тавантолгойн түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд 18 мянган тонн түлшний нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр хагас кокс түлшний талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт дөрөв, Төвийн үйлдвэрт хоёр, Зүүн үйлдвэрт долоо, нийт 13 шугам ажиллах юм. Галлагааны үед 120 мянган тонн түлш үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх төлөвлөгөө ажилттай биелсэн.
Манай үйлдвэр хоногт 2,500-3,500 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид энэ онд 539,628 тонн түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хот гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхтэй.
Энэ жил 45 хоногийн хугацаанд есөн дүүргийн хэмжээнд хагас кокс түлшийг түлэх гэж байснаа больсон. Харин 32 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс авч түлш үйлдвэрлэнэ. Түүнийгээ тодорхой хэсэгчилсэн бүсчлэлд түлэх шийдвэр гарсан.
Хагас коксын ТЭЗҮ ерөнхийдөө бэлэн болсон. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны зөвлөлд ТЭЗҮ-ийг хэлэлцэж байгаа. Энэ оны аравдугаар сард батлагдах байх.
Хагас коксожсон үйлдвэр нь Багануурын нүүрсний уурхайг түшиглэж баригдана. Жилд 1.2 сая тонн нүүрсийг хагас коксжуулж 600-650 мянган тонн хагас кокс гаргаж авна.
Хагас коксыг хэрэглэж эхэлснээр дэгдэмхий бодис 52 хувиар, хүхэр 57 хувиар, үнслэгийн хэмжээ 37 хувиар, тоосонцрын хэмжээ 70, хувиар, хүхэрлэгийн 85 хувиар, угаарын хий 11 хувиар, азотын исэл 23.5 хувиар буурах лабораторийн дүн шинжилгээ гарсан. Айл өрхүүдийн хэрэглэж буй зууханд хагас коксожсон түлшийг хэрэглэж болно” хэмээн ярилаа.