Хар захын ханшаар $1 тэрбумын үнэ хүрэх амфетамин төрлийн мансууруулах бодисыг илрүүлэн хурааснаа Арабын Нэгдсэн Эмират Улсын цагдаагийн алба өчигдөр мэдээлжээ.
Уг бодисын 86 сая ширхэг үрлийг Дубай хотын боомтод буусан хаалга, ханын гоёлын хавтан зэрэг барилгын материалуудын дотор талд нуусан байсан гэнэ.
Таван чингэлэгт ачсан барилгын материалуудаас гарсан амфетамины өөрийнх нь нийт жин 13 тонн хүрч байжээ.
Дубайн эрх баригчид энэ удаагийн ажиллагаагаа “олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг” явуулсан гэж мэдээлсэн ч сэжигтнүүд болон баривчилгааны талаар мэдээлэл өгөөгүй байна.
Мансууруулах бодисыг гуравдагч улс орон руу тээвэрлэх зорилготой байсныг Дубайн хар тамхитай тэмцэх цагдаагийн албаны төлөөлөгч Эйд Мохаммед Тани Хареб сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэд мансууруулах бодисын үнийг тогтоохдоо ширхгийг нь $12 орчмоор тооцсон гэнэ. Гэхдээ хөрш Саудын Араб улсад ийм бодис ширхэг нь $25 хүрдэг юм байна.
Иргэний дайны үеэр Сири улс амфетамины худалдааны дэлхийн гол төв болсон юм.
Тус улсаас сүүлийн жилүүдэд Йордан, Ирак, Саудын Араб болон Персийн булангийн орнуудад их хэмжээний амфетамин хулгайгаар нийлүүлдэг болжээ.
АНУ, Европын Холбоо амфетамины худалдаанаас ашиг олдог хэмээн Сирийн ерөнхийлөгч Башар Ассад болон түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийг буруутгадаг.
Бас Ливаны Хезболлах зэвсэгт бүлгийг үүнтэй холбоотой гэж үздэг юм.
Сирийн иргэний дайны эхэн үед Ассадын дэглэмийг унагахыг дэмжиж байсан Персийн булангийн орнууд сүүлдээ Дамасктай харилцаагаа хэвийн болгож байв. Үүнийг амфетамины хууль бус наймааг зогсоох асуудлаар ойлголцох гэсэн зорилготой тодорхой хэмжээгээр холбоотой гэж ажиглагчид үздэг.