Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүн А.Насандэлгэр шүүхийн байрны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хуралдаан явагдаж байх үед хулгана гүйгээд хүний хөл доогуур орж байгаа бичлэг цацагдсан. Шүүх танхимд хулгана гүйж байвал анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал.
Шүүх хурлын танхим бүрд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж ажиллуулан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэн үлдээдэг. Тухайн бичлэгээс харахад хулгана гүйж байгаа бичлэг үлдээгүй байсан. Гэвч хулгана гүйсэн эсэхээс үл хамааран шүүхийн байрны нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байгааг ярих шаардлагатай. Шүүхийн байрны нөхцөл байдал тааруухан байгаа тул хулгана гүйхийг үгүйсгэхгүй.
Тус шүүхийн байранд
- гурван эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаа явуулдаг.
- 40 гаруй шүүгч
- 100 орчим ажилтан ажилладаг.
Өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд, эсвэл өөр байгууллага болох прокурорын байранд хамт үйл ажиллагаагаа явуулдаг зэрэг нөхцөлд ажиллаж байна. 1992 оны Ардчилсан Шинэ Үндсэн хуулиас хойших 30 жилийн хугацаанд шүүхийн нөхцөл байдал ийм л түвшинд байна.
2024 оноос дэд бүтцийн чиглэлээр царцагдсан ажлуудад хөрөнгө оруулалт хийгдэж, шийдвэрлэгдээд явна гэсэн хүлээлттэй байгаа.
2023 оны тухайд хоёр сая орчим төгрөгийг тухайн шүүх нь 1,3,4,6 саруудад хортон шавж устгах ариутгалыг хийлгэсэн байдаг. Төсөв санхүүгийн асуудлаас болоод мэрэгч хортон амьтдыг устгах ариутгал хийлгэж чадаагүй” хэмээн мэдээлэл өглөө.
Мэдээллийг newswire.mn шууд дамжуулав.