Драгон авто вокзалыг нүүлгэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр “20 жил Сонгинохайрхан дүүрэгт баруун аймгууд руу автобусаар зорчих тээврийн үйлчилгээ хангагддаг байсан. Гэвч тав тухгүй, машины зогсоолгүй, ариун цэврийн байгууламжгүй зэргээр олон жил хэл ам дагуулж ирсэн. Үе үеийн удирдлагууд өнөөдрийнх шиг хэл ам болно гээд шийдэж чаддаггүй байсан юм билээ.
ЗТХЯ, нийслэлийн Засаг дарга бид бүхэн хотын түгжрэлийг арилгахын тулд тодорхой асуудлыг шийдэх ёстой. Драгон авто вокзалаар жилдээ 800,000 орчим иргэн зорчиж байсан. Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, АТҮТ-д авто вокзалын үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн. Үүний дагуу АТҮТ нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Номин компанийн газар дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн. Энэ нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
Драгон авто вокзалыг нүүлгэснээр үйлчилгээ сайтай, зөв шийдвэр болсон хэмээн олон нийт үзэж байгаа. Надад айж, ичээд байх зүйл алга.
Нэг хэсэг гэр бүлийнхэн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд, зорчиж байгаа иргэд, худалдааны төвийн түрээслэгчдээс олдог орлогоо алдаж байна. Дахиад томоохон худалдааны төв барьж байгаа. Тэр улсууд хамгийн гол нь нийтийн эрх ашгийг бус өөрсдийн ашиг орлогыг бодож, бухимдан зохион байгуулалттайгаар гүтгэлэг тарааж байгаа.
Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйлгүй. Хууль зөрчсөн нь тогтоогдож, нотлогдох юм бол хариуцлагаа өөрөө хүлээе” хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн “Нээлттэй сонгон шалгаруулалтад таван компани оролцсон. Тэр компанийг сонго гэсэн чиглэл өгөөгүй. Нийтийн эрх ашгийн төлөө байх шаардлага АТҮТ-д тавьсан. Драгон авто вокзалыг хотоос гаргаж болно. 22-ын товчоо хүртэл нийтийн тээврийн автобус явдаггүй учраас ойрхон нүүлгэсэн. Таван шарын нүхэн гарц ашиглалтад орчихвол түгжрэл арилна.
ТЦА-наас Драгон авто вокзал дээр маш их түгжрэл үүсэж байна. Холдуулж, чөлөөлж өгөх хүсэлт удаа дараа ирж байсан юм билээ” гэв.