Орон нутгийн нислэгийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг танилцуулсан юм.
Тэрбээр “Өнгөрсөн долдугаар сард орон нутгийн нислэгийг сэргээсэн. 2009 оноос хойш орон нутагт МИАТ компани нисдэггүй байсан бол нислэг үйлддэг болсон юм. Ингэхдээ суудал дүүргэлтийг 60-аас доошгүй байхад ашиггүй бас алдагдалгүй юм байна гэдэг үндэслэлээр тодорхой тооцоо судалгаа хийсэн.
Урьд нь Баян-Өлгий, Ховд гэсэн хоёрхон аймаг руу нислэг үйлддэг байсан. Энэ нислэгийн тийзийг хоёр дахин хямдруулсан.
Ингээд хоёр аймагт нисдэг байсан бол есөн аймаг руу дотоодын нислэг үйлддэг болсон. Мөн нислэгийн тийзийн үнэ хоёр дахин хямдарсан.
Ялангуяа Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймаг руу нэг талдаа 200 мянгаар нислэг үйлдэж байгаа. Машинаар 10 цаг явахын оронд онгоцоор ганцхан цаг зарцуулаад хурдан шуурхай нисэх боломжтой болсон.
Хэрвээ иргэд бага үйлчлүүлбэл суудал дүүргэлт цөөтэй аймгуудын нислэгийг зогсоохоос өөр аргагүй болно. Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл аймаг харьцангуй суудал дүүргэлт сайтай байна.
Харин Говь-Алтай, Өмнөговь, Дорнод аймагт суудал дүүргэлт муу байна. 200-хан мянган төгрөгөөр ганцхан цаг нисэх бололцоо боломж бүрдсэн учраас дотоодын нислэгээр нисэхийг уриалж байна. Ингэхгүй бол дотоодын зарим нислэгийг зогсоохоос өөр аргагүй болох юм. Үндсэндээ 20 орчим хувьтай нисэж байна” хэмээн ярилаа.