Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр уул уурхайн экспортын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өгөв.
Тэрбээр “Эрдэнэтийн зэсийн баяжмал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн хүдэр, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн жонш Улаанбаатар төмөр замаар экспортод гарч байгаа. Эдгээр компани бүгд төрийн өмчийнх.
Мөн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдэр гарч байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар гацаж, саатсан зүйл байхгүй. Ганцхан “Эрдэнэс Монгол”-ын харьяа охин компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд хоорондоо вагоноо булаацалдаж, учраа олохгүйгээс үүдэн тээвэр дээрээ саатаж байгаа юм билээ. Бусдаар бол Улаанбаатар төмөр замаас болж гацаж байгаа асуудал үүсээгүй” гэлээ.
Мөн “Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд, Эрээнээр өдөрт 15 галт тэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортоор гаргаж байгаа. Энэ нь түүхэн дээд амжилт болж байна.
Өнгөрсөн жил дунджаар 11 галт тэрэг гардаг байсан бол одоо дөрвөн цуваагаар ачаа бараа нэмэгдсэн. Энэ хэмжээгээр манай экспортын ачаа бүх чиглэлд нэмэгдэж байна.
Өмнө нь Замын-Үүд, Эрээн гэсэн ганцхан төмөр замтай байсан бол одоо таван чиглэлд гаргахаар зорьж байгаа.
Тодруулбал Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээ хүрэн-Сэхээ болон зүүн талд Бичигт-Зүүн хатавч гээд Хятад, Монгол Улсыг холбосон таван төмөр замтай болох бодлогыг дэвшүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Манай нутгаар Орос, Хятадыг холбосон ганцхан төмөр замтай байсан. Үүнийг гурав болгох бодлого барьж байгаа.
Шивээ хүрэн-Сэхээ нарийн царигийн төмөр замын ажил эхэлсэн. Зүүн талдаа энэ жилд багтаан зүүн босоо төмөр зам буюу Орос, Хятад, Ази, Европыг холбосон Бичигт, Чойбалсан, Эрээнцав чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байгаа” хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ярилаа.