“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өгөв.
Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир “27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг зогсоосон. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 22 сургуульд албан шаардлага хүргүүлсэн. Энэ ажлынхаа мөрөөр есдүгээр сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна.
65 их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг тогтоох ажил явагдаж байна. Есдүгээр сард багтаан үр дүнг нь олон нийтэд нээлттэй зарлана. Ямар сургууль хамгийн өндөр эрэмбэтэй ямар нь хамгийн муу байна вэ гэдэг нь ил болно.
100-аас доош оноо авсан сургуулиудад чанарын хяналт хийнэ.
20 мэргэжил сургалтын байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн. Аймгийн төвд байгаа зарим Мэргэжлийн боловсролын төвийг нийлүүлж зохион байгуулалтын өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тухайлбал, Дорнод, Дархан, Эрдэнэтэд байгаа мэргэжлийн боловсролын байгууллагыг тус бүр нэгтгэсэн.
Зарим сум, аймгийн мэргэжлийн боловсролын байгууллага 100 гаруй сурагч, 50 орчим багштай, хоёр тэрбум төгрөгийн төсвөөр үйл ажиллагаа явуулж байсан. Шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна.
Элсэн суралцагчдын босго оноог тогтоохдоо өмнөх түвшнээс нь бууруулахгүй байх заалт хуульд орсон” хэмээв.