Энэ үеэр БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир багш боловсролын шинэчлэлийн гурван тулгуурт бодлогын талаар танилцууллаа.
Тодруулбал уг гурван тулгуурт бодлогод багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоо болон багшийн нийгмийн баталгаа, цалин, үнэлэмж, нэр хүндийн асуудал орж байгаа аж.
БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамирын уг бодлогын талаар танилцуулсан зүйлсээс онцолбол:
Багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтын тоог тогтоох ажлыг хийхгүй бол зарим чиглэлийн багш илүүдэлтэй бэлтгэгдэж байна.
Багш гурван жил тутамд мэргэжлийн ур чадвараа үнэлүүлж, багшийн хөгжлийг дэмжих сургалт үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт байгаа. Шинэ зохион байгуулалтаар багш өөрийнхөө хэрэгцээндээ суурилж сурдаг болсон. Мөн зөвхөн багшлах арга зүйгээс гадна өөрийнхөө заадаг хичээлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах зохицуулалт байгаа.
Өнөөдрийн байдлаар багш бэлтгэж байгаа 31 сургууль, 267 багш бэлтгэх хөтөлбөр байгаа юм байна. Харин багш бэлтгэх магадлан итгэмжлэл хийлгүүлсэн 50 хөтөлбөр байгаа бөгөөд төрөөс багшаар суралцах оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхдээ уг 50 хөтөлбөрт л олгох юм байна.
Урьдчилсан байдлаар энэ жил багш мэргэжлээр суралцахаар элсэж буй 3,400 оюутан байгаа аж. Харин энэ жил багшаар төгсөх 2,385 суралцагч байгаа юм байна.