БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир энэ хичээлийн жилийн зорилго, бүтэц болон цэцэрлэгийн бүртгэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагууд хөндлөнгийн үнэлгээ, чанарын судалгаа хийлгэдэг болсон. Тиймдээ ч энэ жил бүх шатны боловсролын байгууллага хамтын оролцоо, үр дүнд суурилж менежментийг сайжруулах замаар сургалтынхаа чанарт ахиц гаргах гэсэн ерөнхий зорилгыг дэвшүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд “Eduten, Pearson” зэрэг томоохон платформууд нэвтэрч байгаа нь боловсролын салбарт хийгдэж байгаа шинэлэг хөтөлбөрийн хэрэгжилт болж байна гэж харж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн жил эхлүүлсэн MEDLE цахим сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлж 11-р ангийн сонгон судлах хичээлийг MEDLE цахим сургууль дээр зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн жил тус цахим сургуулиар 10,000 хүүхэд хичээллэж байсан бол энэ жил 30,000 гаруй хүүхэд хичээллэх төлөвтэй байгаа аж.
Medle цахим сургууль нь алслагдсан байдал, багшийн хүрэлцээ хангамж зэрэг асуудлаас шалтгаалаад сонгон суралцах хичээлийн хөтөлбөрөө судалж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан цахим сургууль юм.
“Шинэ хуулиар хичээл сургалтын үйл ажиллагааг хэн нэгэн өөрийн зоргоор өөрчлөх боломжгүй болсон”
Хоёр дахь гол зорилгын хүрээнд Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль дээр хичээлийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг хуульчилсан.
Энэ нь онцгой нөхцөл байдал, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургалтын үйл ажиллагааг хэн нэгэн өөрийн зоргоор өөрчлөх боломжгүй гэсэн үг гэдгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-очир онцоллоо.
Эцэг эх, иргэдээс ирсэн санал, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тааруулж дөрвөн улиралтай байхаар шинэчилж баталсан. Үүнтэй холбоотойгоор сургалтын төлөвлөгөөний цагт өөрчлөлт орохгүй. Бага зэргийн зохицуулалт хийгдэж байгаа. Харин шалгалтын долоо хоног болон бүх нийтээр амрах өдрүүдийг сургууль өөрөө бие дааж өөрийн удирдлагадаа зохион байгуулах байдлаар зохицуулалтаа хийж байгаа аж.
Сургалтын хичээллэх хоног 14 хоногоор нэмэгдэж байгаатай холбоотой багшийн цалин хөлс, хичээллэх цагт хол зөрүү гарахгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа.
“Цэцэрлэгийн боломжтой сул орон тоонууд дээр нэмэлт бүртгэл зохион байгуулна”
Үргэлжлүүлэн тэрбээр цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэлийн талаар “Зарим цэцэрлэгүүдийн ачаалал хэт өндөр гарч байгаа учраас эцэг эхийн хүсэлтийн дагуу боломжтой хэлбэрээр хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэнэ. Энэ асуудал шийдэгдсэний дараа хоёрдугаар шатны бүртгэл эхэлнэ. Боломжтой сул орон тоонууд дээр нэмэлт бүртгэл зохион байгуулна” гэлээ.