Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор Ж.Жаргал “Аливаа асуудал бүрийн ард шалтгаан, үр дагавар байдаг. Шалтгаанд суурилсан хотын бодлого гэж юу вэ гэдгийг Улаанбаатар хотын түгжрэлийн жишээн дээр ярья.
Хотын түгжрэлийн нэг шалтгаан нь автомашины тоо. 10 гаруй жилийн өмнө дугаарын хязгаарлалт ярьж эхлэхэд Улаанбаатар хотод 280 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнөөдөр энэ тоо 700 мянгад хүрээд байгаа.
Тухайн үед бид асуудлыг намжаах буюу гал унтраах бодлого л баримталсан. Таван тээврийн хэрэгсэл тутмын нэгийнх нь хөдөлгөөнийг хязгаарлачих юм бол хөдөлгөөний эрчим багасна, хурд нэмэгдэнэ гэж үзсэн.
Гэтэл одоо энэ нь гал унтраасан бодлого байсныг харж болно. Бид түгжрэл юунаас болж үүсээд байгаа шалтгааныг олох ёстой. Шалтгаанд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийг шийдэхэд чиглэсэн бодлого баримталбал илүү үр дүнтэй. Бид өнгөрсөн хугацаанд дандаа л үр дагаврын хойноос хөөцөлдөж ирсэн. Тиймээс асуудлаас урьдчилан сэргийлэхэд төвлөрч, шалтгаанд суурилсан бодлогын бичиг баримтаа боловсруулах ёстой. Үүссэн асуудлыг шийдвэрлэх бодлого бол түр хугацаанд хүчинтэй, түр хугацаанд л үр дүнгээ өгдөг” гэв.