Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр “2013 онд дугаарын хязгаарлалт хийснээр хүмүүс хоёр машинтай болох сонирхол нэмэгдсэн. Энэ хэрээр автомашины тоо нэмэгдсэн. Машины тоо нэмэгдэнгүүт тэгш, сондгойгоор явуулах санаачилга гарч байгаа.
Үүний дараа хилээр орж ирэх машиныг хориглоё, 10 жил болсон машиныг явуулах гэх мэт байдлаар энэ нь цааш үргэлжилнэ. Үр дагавартай зууралдсан тохиолдолд асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Тэгэхээр үр дүнд биш, шалтгаанд суурилж асуудлыг шийдэх шаардлагатай.
Улаанбаатар хотод түгжрэл үүсгээд байгаа олон хүчин зүйлийн нэг нь их, дээд сургуулиудын төвлөрөл. Үүнийг орон зай, инженерчлэл, эдийн засгийн хувьд задлах ёстой. МУБИС-ийг Ханын материал руу шилжүүлбэл 11,600 оюутан тийшээ очно. Тус байршилд 11 га газар чөлөөлсөн. Оюутнуудыг дагаад ажлын байр, үйлчилгээ, хөгжил бий болно.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хувьд богино, дунд, урт хугацааны судалгаа гаргасан. Судалгаагаар шалтгаануудыг тодорхойлсны нэг нь их, дээд сургуулийг нүүлгэх юм. Гурван дэд төв рүү их, дээд сургуулийг нүүлгэж, эргэн тойронд хоёр км радиуст байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг их, дээд сургуулийнхаа лицей болгох боломжтой.
ШУТИС-ийг Шар хад дэд төв рүү нүүлгэе гэж байгаа. Тэнд дөрвөн га газар дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн. Эргэн тойрон дахь долоон сургуульд 22 мянган хүүхэд сурч байна. Энэ хүүхдүүд арван жилээсээ их, дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэвэл 22 мянган хүүхдийн боловсролын чанар сайжирна.
Гэр хороололд сургуулийн насны 184 мянган хүүхэд бий. Энд 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий бөгөөд 91 мянган хүүхэд сурч байна. Үлдсэн 90 мянга гаруй хүүхэд хотын төв рүү орж байна. Тэгэхээр гэр хороололд ерөнхий боловсролыг 52 сургууль хэрэгтэй. Энэ бол түгжрэлийн мөн л нэг шалтгаан. Үүнийг их, дээд сургуулиудаа нүүлгэж, лицей сургуулиудыг байгуулснаар шийдэх боломжтой” гэлээ.