Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ын төслийн гэрээнд өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү төслийн хүрээнд Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байрны их засварын ажил хийгдэх юм байна. Тус цэцэрлэгийн байр он удаан жилийн ашиглалтаас үүдэн дээвэр нь элэгдэж, дусаал гоождог болжээ. Дээврийн дусаал нь өрөө тасалгаанд хөгц, мөөгөнцөр үүсгэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдалд байгаа юм.
Дулааны шугам бөглөрснөөр гэмтэл гарч, өвлийн улиралд 10 хэм орчмын хүйтэн хүнд нөхцөлд байдаг. Түүнчлэн өрөөнүүдийн шал доошоо суулт өгч, хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол байдаг аж. Цахилгааны шугамын гэмтэл ихээр гардаг зэрэг олон асуудлаас үүдэн цэцэрлэгийн 25 хүүхэд, зургаан багш, бусад ажилчны эрүүл, аюулгүй байдалд эрсдэл ихээр учруулж байна.
Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 596 дахь, Багахангай дүүрэгт хэрэгжих анхны төсөл болж буйгаараа онцлог. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 45,113 ам.доллар (156,455,229 орчим төгрөг) хэмээн Япон улсын ЭСЯ-наас мэдээлэв.
Уг төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудал шийдэгдэж, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл бүрдэх юм байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагатай хамтардаг төсөл аж.