Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчныг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Монголын хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлжээ.
Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар зохион байгуулсан гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.