Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт анх удаа болж байна. Уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар уулзалтыг нээн үг хэлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар манай улсын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан.
Нээлтэд Андорра Улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд, феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг Япон, БНСУ, Люксембург зэрэг улсын Гадаад хэргийн эрэгтэй сайд нар, НҮБ-ын эмэгтэй өндөр албан тушаалтнууд цахимаар оролцон, мэндчилгээ дэвшүүлжээ.
Мөн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд уншиж уламжилсан байна.
Төлөөлөгчид феминист гадаад бодлогын сайн туршлагаасаа танилцуулж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцжээ.
Мөн уулзалтаас гарах төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна.
Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант Улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу Улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын Орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима цахимаар оролцжээ.
Гурван сэдэвчилсэн хэлэлцүүлгээр жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалахыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах талаар хэлсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энэ өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэгт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.
Өнөөдөр Гадаад хэргийн сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.