Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт БОАЖЯ, аймгийн холбогдох байгууллагатай хамтран шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Шалгалтын талаар БОАЖЯ-ны Салбарын газрын дарга Б.Мөнхтогтох “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй 67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй 23, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй 37, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй 21, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 18, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай 41, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай 23, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн 14, шаардлага хангахгүй жорлонтой 2, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй 23, хог хаягдлыг ангилан ялгаагүй 60 зэрэг зөрчлүүд илэрлээ.
Гарсан зөрчлийг арилгуулахаар газар дээр нь улсын ахлах байцаагчийн 85 заалттай 13 албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, хялбаршуулсан журмаар 13 объектод торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.
Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, нэг аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүллээ.
Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ” гэв.