Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын 287 айлын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа асуудлаар “Их даян бүүвэй” ХХК, “Баярс констракшн” ХХК, “Баян тосон” ХХК-ийн төлөөллүүд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр тус гурван компанийн хуулийн зөвлөх н.Баярбаатар уг ажлыг үргэлжлүүлэхээр төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Засгийн газрын 2019 оны 129 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэ ажлын хүрээнд хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны хотхоны барилга угсралтын ажил гацсан. Тус хотхоны захиалагчаар Батлан хамгаалах яам, төсөл хэрэгжүүлэгчээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ажиллаж байгаа.
287 айлын орон сууц ашиглалтад орсноор гаднаас ирж буй инженер техникч, монголын ажилчид байрлах чухал ач холбогдолтой байсан. Цар тахал, барилгын материалын үнийн өсөлттэй нүүр тулсан хэдий ч өдий хүртэл ажлаа зогсоохгүй ирсэн. Гэтэл нэг хүний эрх ашгаас болж энэ ажил өнөөдөр зогсоод байна. Дээрх гурван компани ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч дампуурлын ирмэгт ирсэн.
Барилгын үндсэн 70 хувь босчихсон. Зургаан барилга барихад зургаан тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Гэтэл хоёр давхар цэцэрлэгийн барилга 4-5 тэрбумаар босдог. Нэг тэрбум төгрөг өгч зургаан давхар барилга бариулчхаад энэ төсөв хангалттай. Одоо ажлаа дуусга эсвэл боль гэсэн. Цаашилбал газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулахгүй байх ашиг сонирхолтой гэж харж байгаа.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирлаас болоод ажил гүйцэтгэгч ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа учир дараах хугацаатай шаардлагыг хүргэж байна. Үүнд
1.Улсын төлөвлөсөн ажлыг хувийн эрх ашгийн дараа тавьж, бүх талаар уг ажлыг гацааж, үйлдвэрийг ашиглалтад оруулахгүй байх хүсэл сонирхолтой, төрийн бүх шатны ажилтнуудыг буруу мэдээллээр хангаж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох
2.Хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийн дагуу үнийн тохируулга хийж, зураг төсөл, тоо хэмжээний зөрүүтэй асуудлыг залруулах, барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж ашиглалтад оруулах гэсэн хугацаат шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэслсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, шадар сайд С.Амарсайхан нарт хүргүүлнэ.
Ажил үүргээ биелүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож бидний асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ бол зөвхөн хоёр ААН-ийн асуудал биш. Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд бусдаас хараат бус эдийн засагтай болох чухал асуудал юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор манай улс түлш шатахууны хараат байдлаас гарна. Шинжлэх ухаан, инженерийн үндэслэлтэй тооцооллыг бид өөрчлөх боломжгүй. Учир нь шинжлэх ухаан авлига хээл хахууль авдаггүй.
Үндсэндээ нэг давхартаа 26 баганатай байх ёстой барилыг 12 баганатай байхаар хий гэсэн үндэслэлгүй тайлбар хийж мухарлаж байна. Дотооддоо газрын тос үйлдвэрлэдэг болох нь үндэсний эрх ашгийн хувьд чухал асуудал.
Газрын тос дотооддоо боловсруулах үйлдвэрийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажилд хийгдсэн төрийн байгууллагуудын хяналт шалгалтын дүгнэлтийг үл тоож, улсын том бүтээн байгуулалтын суурь ажлыг гацааж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг Засгийн газрын шүүр ажиллагаанд оруулж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Үндэсний аудитын дүгнэлтээр шилэн дансаа хөтөлдөггүй, их хэмжээний мөнгөний акт тогтоолгодог гэх мэт зөрчил Д.Алтанцэцэгт илэрсэн.
Монгол Улсын хөгжлийн гол тулгуур үйлдвэрийг барихтай холбоотой төрийн байгууллагуудын албан хаагчдын хяналт шалгалт дүгнэлт гаргасан байхад Д.Алтанцэцэг захирал огт тоодоггүй” хэмээн ярив.