Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух ерөнхий консул Б.Мөнхбаатарт Консулын патентыг нь гардуулж өгөв.
Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 40,000 гаруй иргэн байгаагаас Сан Франциско хот орчимд 18,000 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Аляска, болон Хавай муж хамаарагддаг байна.
Сан Франциско хотод суух ерөнхий консулаар томилогдсон Б.Мөнхбаатар нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан билээ.