Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Эрэгтэй хүн дунджаар 15 жил, эмэгтэй хүн 20 жил тэтгэвэр авдаг. Үүнтэй уялдуулж бид тооцоолол хийж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн 30 хувийг ипотек, эрүүл мэнд, боловсролд зарцуулах эрхийг нээж өгч байна.
Хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр өвлүүлэх тухайд гэвэл 2030 оноос тодорхой хуримтлал үүссэнээр тэтгэвэр өвлүүлэх боломжтой болно. Зохицуулалтын хувьд доод тал нь 10 жил хамт амьдарсан гэр бүлийн хүн нь байх юм” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн П.Анужин “Хэрвээ малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
Малчдад яагаад ингэж хандаж байгаа юм бэ гээд энэ асуудлыг өнгөц харж дургүйцэж байгаа хэсэг бий. Төр 50 хувийг нь хариуцаад НДШ-ийг нь төлүүлэх, одоогийн байгаа нөхцөл байдлаар урагшлах хоёр харьцуулшгүй судалгаа гарч байгаа. Малчдыг дэмжих бодлогыг хуулийн төсөлд оруулж байна” гэдгийг хэллээ.