Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам Баянхонгор аймагт өнөөдөр эхлэх гэж байна.
7,000 хүүхэд оролцож буй тус наадмын нээлт Баянхонгор аймгийн спортын төв талбайд 18:00 цагт эхэлнэ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын их наадам нь анх удаа орон нутагт болж байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагааг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг харуулсан байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 21 аймаг есөн дүүргийн бүх тамирчин Баянхонгор аймгийн спортын талбайд зогсох юм. Олимпын наадмын зохион байгуулалтаар нээлтийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.
Харин 23 спортын төрлүүд даам, уран гимнастикаар маргааш эхэлнэ. Өнөөдөр мандат олголт, спорт төрлүүдийн техникийн хурал, нээлтийн үйл ажиллагаа болж байна.
Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм.
Манай улсын нэн ховор амьтан Мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна.