Боловсролын салбарын чанарын үнэлгээнүүд шат дараатайгаар хийгдэж байна.
Тухайлбал сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын түвшинд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн онд зохион байгуулсан. Мөн мэргэжлийн боловсролын түвшинд чанарын үнэлгээг зохион байгуулсан бол саяхнаас их, дээд сургуулиудын чанарын үнэлгээг хийхээр мэдээллүүдээ цуглуулж эхэлжээ.
“Боловсролын бүх түвшинд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээнүүдийг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс хийж байна. Наймдугаар сард боловсролын бүх шатны байгууллагуудын чанарын үнэлгээг ил тод зарлана. Монгол Улс анх удаа 2022 онд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA)-д хамрагдсан. Үр дүн нь арваннэгдүгээр сард албан ёсоор гарна. Үүгээр манай улсын боловсролын чанар бусад 100 гаруй улстай харьцуулахад аль түвшинд байгааг илэрхийлнэ” хэмээн БҮТ-ийн захирал Л.Ганбат өнөөдөр хэллээ.
Дээд боловсролын байгууллагуудын чанарын үнэлгээний талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир дэлгэрүүлж мэдээлэл өгөв.
Тэрбээр “Дээд боловсролын сургалтын байгууллагад гүйцэтгэлийн үзүүлэлтэд нь суурилж чанарын үнэлгээ хийнэ. Чанарын үнэлгээг “Times Higher Education” байгууллагатай хамтарч хийн, үр дүнг намар зарлана.
Боловсролын Үнэлгээний Төв, олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллага хамтран сургуулиудын чансаа хөтөлбөрийн эрэмбэ нийгмийн сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгааг үнэлэх нөлөөллийн эрэмбийг зарлана. Энэ гурван үнэлгээг хийхээр мэдээлэл цуглуулах, үнэлэх ажил үргэлжилж байна. Ийнхүү эрэмбэ чансааг зарласнаар суралцагч нарт сургуулиа, хөтөлбөрөө сонгоход нь дөхөмтэй байх юм” гэлээ.