Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард нээсэн.
Манай улсын анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг нийт 1.3 тэрбум ам.доллараар барьсан юм. Энэ төмөр замаас ашиг хүртэхэд саад болж буй нэг асуудал нь зүтгүүр.
Хойд хөршийн эхлүүлсэн дайны улмаас хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр нийлүүлэх явц удааширчээ. “Бодь интернэйшнл” төмөр зам барихын сацуу зүтгүүр нийлүүлэх үүргийг гэрээний дагуу хүлээсэн.
Орос-Америкийн дундын бүтээгдэхүүн авах ёстой байсан ч эдгээр хоёр улс эдийн засгийн хоригтой болсон юм. Иймд АНУ, ОХУ, БНХАУ, Казахстаны зүтгүүрийн компаниудтай цахимаар уулзаж, үнийн санал авчээ.
АНУ-ын “Прогресс рейл локомотив” үйлдвэрийн 5000 тонн ачаа татах чадалтай, дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 зүтгүүр, ОХУ-ын Тихвиний вагоны үйлдвэрийн орчин үеийн инновац шийдлээр насжилт, засвар хоорондын хугацааг уртасгасан, нэг гол дээрх даац нь 25 тонн бүхий 810 ширхэг ачааны вагоноос ирэх намар эхний хэсгийг хүлээн авах болжээ.