Улаанбаатар хотноо долоодугаар сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын жюү жицүгийн холбооноос үүнтэй холбогдуулан өчигдөр “Милланниум Плаза”-д хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлч, сурвалжлагчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон холбооны бүтэц, зохион байгуулалтаа танилцуулав. Тус арга хэмжээний үеэр Монголын жюү жүцүгийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөө танилцуулснаас ДАШТ-д хамтарч ажиллах “Мөнгөн”, “Хүрэл” түнш компани, байгууллагуудтай албан ёсоор хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн. “Андлал, хүндлэл, хөгжил” уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө.