Манай улсад сургуулийн орчинд 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж үе шаттайгаар нэмэгдүүлсээр ирсэн. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан бол 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.
Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 орчим мянган хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Боловсролын орчин дахь үдийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм гэж ДЭМБ тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, оюуны чадавх эрс сайжирч, хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд хамрагдах боломж нэмэгдэж, өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлдэг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.
5 хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 26.6 хувь нь цус багадалттай, 27,7 хувь нь төмөр дуталтай болохыг өнөөдөр эрүүл мэндийн дэд сайд илтгэлдээ дурдаж байлаа. Мөн 6-11 насны сурагчдын 7.3 хувь нь өсөлт хоцролттой, 2.8 хувь нь туранхай, 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь анхаарал хандуулах сэдэв яах аргагүй мөн юм.
Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцаж байна.
Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд 2475 төгрөг байна. Энэ зардлыг нэмэгдүүлэхийн тулд аав ээж асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой эсэх талаар судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан 27956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой байжээ. Огт гал тогоогүй 9 сургууль байна.
2022 оны 12 сарын байдлаар 75 хоол зүйч, 1276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.