С.Ганбаатар солонгос иргэдээс 50 сая вон авсан нь тогтоогджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихдээ солонгос иргэдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутгагдаж байсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнийг 1.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.
МАХН-ын нэр дэвшигчийн хандивт авсан 50 сая воныг улсын орлогод хураахаар болсон байна. Наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд гомдол гаргагч тал болон С.Ганбаатар нарын хэн хэн нь ирээгүйн улмаас шүүх хурлыг наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлож хуралдсан аж.
Шүүх С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар түүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль оноогоод байна.