Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулав. Тэр Бээр “Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна. Тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус орж ирнэ. Ажлуудаа шахаж, аравдугаар сараас өмнө автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах.
Гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажил болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа өргөдөл, гомдол ирж байгаатай холбогдуулан ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг, даалгавар өгсөн байна.