Прокурор хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн иргэн Э.Б-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ байгаль экологид учруулсан хохирлыг буруу тооцон, үндэслэлгүй шийдвэр гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж зөвтгүүлжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэн, автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 5 сая 701 мянга 450 төгрөгийн хохирол учруулсан иргэн Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, түүнийг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсан. Ингэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан 5 сая 701 мянга 450 төгрөгийн хохирлыг улсын орлого болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Тус аймгийн прокурорын газраас иргэн Э.Б-ын байгаль экологид учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б-ээс 28 сая 507 мянга 250 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль
49 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.
2.Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:
1/ойн санд учруулсан хохирол;
2/амьтанд учруулсан хохирол;
3/ургамалд учруулсан хохирол;
4/усны нөөцөд учруулсан хохирол;
5/газарт учруулсан хохирол;
6/газрын хэвлийд учруулсан хохирол;
7/хөрсөнд учруулсан хохирол.
3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.
4.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:
1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.